sonin.mn
Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурлын нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус их хуралд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулсан юм. Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан уншиж сонордуулав.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлтдээ:
 
“Эрхэм нөхөд өө!
 
Дэлхийн Яруу найрагчдын 37-р их хурлын зочид төлөөлөгчид, эрхэм хүндэт яруу найрагчид, уншигч та бүхний амгаланг айлтгая.
 
"Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль" агуулгын доор болж байгаа Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд хийгээд Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал, Данзанравжаа Олон улсын яруу найргийн наадам нь өнөөдөр манай гариг дэлхий хийгээд хүн төрөлхтний өмнө тулгараад буй байгаль экологи, хүний сэтгэл хоёрын хоорондох оюун санааны маш нандин холбоо шүтэлцээг хөндөж байгаа нь чухам XXI зууны хүн төрөлхтөнд тулгараад байгаа амин чухал асуудал мөн.
 
Өнөөгийн дэлхий ертөнцөд нийгмийн хөгжлийг ойлгох ойлголт хэт программчлагдаж, эд юмс өмч хөрөнгийн үйлдвэрлэл, технологийн дэвшлийг л хүний оршихуйн шийдвэрлэх хүчин зүйлс болгон шүтэж буй цагт үгийн урлагийн мөн чанарыг танин мэдүүлэх, яруу найргийн бурханлаг увдис чадлыг хүмүүст мэдрүүлэх нь нэн чухал байна.
 
Нийгмийн оюун санааг ариусгах, соёл сэтгэлгээний хүнлэг чанарыг гүнзгийрүүлэх, хүний үйл ажиллагаа, амьдрал тэмцлийг жинхэнэ тус буянт үйлсэд дуудах өндөр дээд үүрэг, тавилан юун түрүүнд яруу найрагт л оногджээ.
 
ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын ХХХ чуулганы тогтоолоор 2000 оноос эхлэн дэлхий дахинаар жил бүр яруу найргийн өдрийг тэмдэглэхийг уриалан тунхагласан билээ.
 
Монгол Улсад сүүлийн жилүүдэд ном, соёлын салбар эрчимтэй сэргэж байна. Ардын аман зохиолоос эхлээд "Монголын нууц товчоо", "Гэсэр", "Жангар", суут яруу найрагч Данзанравжаа, Д.Нацагдорж, Б.Явуухулан нарын яруу найргийн баялаг өв уламжлалтай Монголын уран зохиол дэлхийн сонгодог бүтээлийн жишигт нийцдэг бөгөөд улс улсын шилдэг зохиолч, яруу найрагчид та бүхэнтэй элэгсэг дотно танилцаж, уран бүтээлээрээ нөхөрлөж, зохиол бүтээлээсээ харилцан орчуулах, суралцах арга барил, эрэл хайгуулынхаа бүтээлч санаачилгыг улам идэвхжүүлнэ гэдэгт найдаж байна.
 
Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал, наадмын үйл ажиллагаанд амжилт хүсье.
 
Та бүхэнд шинэ онгод, урам зориг, эрч хүч, бүтээхийн аз жаргал, шударга ёсны төлөө ямагт үнэн үгээр улс үндэстнээ ард түмнээ уриалан гэгээрүүлж явах эр зоригийг хүсэн ерөөе” гэжээ.