sonin.mn
Амралт зугаалга дуусч хичээл орох цаг ойртлоо. Баяр ёслол, баясал цэнгэлийн байдалтай байсан оюун санаагаа цэгцэлж, ажил, хичээлдээ шамдах чухал үе хаяанд иржээ. Хот хөдөөгүй хадлан тэжээл, намрын ургац хураалт, өвлийн бэлтгэл ажил, сургууль цэцэрлэгийн бүртгэл, шинэ оюутны сургалтын төлбөрийн зээл гэх асуудал өрх бүрт өрнөж байна. Улс орны ирээдүй болсон нялх балчир, идэр залуус тус бүрийн “албандаа мордож”, эрдмийн их өргөөг “дайлаар эзлэх хүсэл, догдлолтой хүлээн суугаа байх. Харин эцэг, эхчүүд нь  хүүхдийнхээ өмсөх дүрэмт хувцас, хэрэглэх сурах бичгээс  эхлээд ажил ихтэй явна. Аливаа улс орны хөгжилд эдийн засгийн материаллаг хүчин зүйлээс ч илүү чухал үүрэгтэй салбар нь боловсрол юм. Энэ ч утгаараа салбар яамны гүйцэтгэх үүрэг их.
 
...Боловсролын системийн гол цөм болох сургуулийн өмнөх болон бага, дунд, ахлах ангийнхны сурах бичиг, бүртгэл, дүрэмт хувцаснаас эхлээд их, дээд сургуулийн сургалтын төлбөр, бүртгэл, зээл тусламж гээд яаралтай хариулт шаардсан олон ажил хоолой дээр тулчихаад байна. Тасралтгүй үргэлжлэх ёстой боловсролын үйл явцыг нэгээс нөгөөг хүлээх хугацаанд “эзгүйрүүлж” олон мянган хүний ирээдүйтээ шууд холбогдох үеэр хариуцлага алдаж боломгүй чухал цаг үе хаяанд иржээ.
 
Боловсролын яам нь салбарын хөгжлийн стратегийг тодорхойлж, бодлогын удирдамжаар хангаж, холбогдох агентлаг, байгууллагуудыг чиглүүлж, стратегийн манлайлал үзүүлж, Засгийн газар дахь боловсролын тогтолцооны тэргүүлэх зэргийн зөвлөх байх ёстой. Энэ салбарт хамаарч буй байгууллага, хүн бүрийн өмнө хариуцлага хүлээх учиртай юм. Хүн бол нийгмийн хамгийн үнэт капитал. Иргэн өөрийн эзэмшсэн боловсролын тусаар хөгжил бүтээгч болдог. Тиймээс хөгжлийн хөшүүрэг болсон боловсролын салбарыг чиглүүлэн зангидагч яам хариуцлагыг үйл ажиллагааныхаа цөмөө болгон ажиллах ёстой. Ядаж ажил, хичээл цуглаж хот, хөдөөгүй бужигнадаг 8-9 сард “Хариуцсан хүн нь амралтаа авсан, амралтаас орж ирээд удаагүй байна, маргааш амралтаа авна. Холбогдох албан тушаалтан нь томилогдоогүй байна” гээд яахаа мэдэхгүй, гайхаад суумааргүй. Хүн бүр сурч боловсрох эрхээ эдэлж, боловсролыг бүх нийтэд хүргэх хүчин чармайлт, амлалтыг хэрэгжүүлэхэд  дэлхий нийтээрээ анхаарч буй энэ цаг үед тогтвортой эдийн засгийг бүтээн босгож, үнэлэмжит үндэстнийг бий болгоход хамгийн чухал хүчин зүйл нь боловсролтой иргэн гэж салбарын бодлогоо тодорхойлсон бусад орнууд салбар яамны үйл ажиллагаанд хатуу чанга хяналт тавьж, төдий хэмжээний үр дүнг шаарддаг. Халаа, сэлгээний асуудал аль ч улс оронд бүхий л цаг үеийн турш өрнөдөг ч томилгоогоо хурдан хийж, хүлээлгэх хариуцлагын хяналтаа чангатгаснаар үйл ажиллагааныхаа нэр хүндийг сэргээдэг аж. Аливаа яамдын гол ажлыг сайд, дэд сайдууд үүрч, төсөв санхүүг нь Төрийн нарийн бичгийн дарга нар барьдаг гэдэг. Эдгээр хариуцлагатай албан тушаалын тамгыг атгаж буй хэнгүйгээр ч ажил, хэрэг урагшлахгүй. Томоохон халаа, сэлгээний “чичирхийлэл” бүрт ганхаж, удаашраад байхгүй тогтвортой байдлыг ард түмэн хүсч, шаардаж байна. Тэр тусмаа ирээдүй хойчийн маань хувьд хамгийн чухал цаг үед салбарын яамыг хурдхан бүрдүүлэх шаардлагатай. Шийдлээ хүлээсэн олон асуудал энэ салбарт бий. Боловсролын системийн гол цөм болох сургуулийн өмнөх болон бага, дунд, ахлах ангийнхны сурах бичиг, бүртгэл, дүрэмт хувцаснаас эхлээд их, дээд сургуулийн сургалтын төлбөр, бүртгэл, зээл тусламж гээд яаралтай хариулт шаардсан олон ажил хоолой дээр тулчихаад байна. Тасралтгүй үргэлжлэх ёстой боловсролын үйл явцыг нэгээс нөгөөг хүлээх хугацаанд “эзгүйрүүлж” олон мянган хүний ирээдүйтэй шууд холбогдох үеэр хариуцлага алдаж боломгүй чухал цаг үе хаяанд иржээ. Эх орны ирээдүй болсон хүүхэд, залууст холбогдох энэ цаг үед салбарын яам ажлаа эрчимжүүлж, хэн бүхнээс илүү хурдан шаламгай ажиллах шаардлагатай юм
 
А.Даваахүү
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин