sonin.mn
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон албан тушаалаасаа  огцрох бодолгүй байгаа ажээ. Энэ тухай тэрбээр лхагва гарагт Катарын Гадаад хэргийн сайдтай хийх уулзалтын өмнө сэтгүүлчдэд мэдэгджээ.
 
“Би хаашаа ч явахгүй” хэмээн тэрбээр хэлээд Ерөнхийлөгч ажиллах бололцоо олгож байгаа үед би албан үүргээ гүйцэтгэсээр байх болно гэжээ.
 
Өнгөрсөн даваа гарагт CNN телевиз Тиллерсонд ойр эх сурвалжийг иш татан мэдээлэхдээ "Р.Тиллерсон Төрийн нарийн бичгийн даргын ажилдаа сэтгэл хангалуун бус байгаа, албан тушаалаа энэ он дуусахаас өмнө өгч магадгүй" гэж байсан юм.
 
Тус телевизийн дүгнэж байгаагаар бол, Р. Тиллерсоны хувьд Цагаан ордонтой санал зөрөлддөг зүйлүүд үүссэн байна. Тухайлбал, Ирантай харилцах, өөрийн яамны боловсон хүчний бодлогын асуудлуудаар санал зөрөлддөг аж. Танилуудынх нь батлан хэлснээр, Р.Тиллерсон ажилдаа урам хугарч байгаа ч энэ оныг дуустал огцрох өргөдлөө өгөхгүй байхаар шийджээ.
 
Р.Тиллерсон Цагаан ордонтой тааруу харилцаатай байдаг тухай мэдээлэл үүнээс өмнө хэвлэлүүдэд гарч байсан юм. Тухайлбал, Politico сонинд бичсэнийг үзвэл, Р.Тиллерсон нэг удаа Цагаан ордонд байхдаа "миний орлогчуудыг томилоход байнга асуудал гарч байна" хэмээн хэрүүл хийжээ. Хэдийгээр Д.Трамп боловсон хүчний асуудал дээр бүрэн эрхийг олгоно гэж түүнд амласан боловч хэрэг дээрээ Тиллерсоны орлогчоо болгохоор нэрийг нь дэвшүүлсэн хүнийг Цагаан ордон хүлээж авдаггүй аж.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг