sonin.mn
ТОКИО./TASS/. Энэтхэгт цөмийн цохилт өгөх боломжийг Пакистаны эрх баригчид 2002 онд хэлэлцэж байжээ. Энэ тухай Пакистаны Ерөнхийлөгч асан Первез Мушарраф “Mainichi” сонинд ярилцлага өгөхдөө дурдсан байна.
 
“2002 онд байдал дээд зэрэгтээ тултал түгшүүртэй байсан болохоор цөмийн зэвсэг хэрэглэх магадлал байсан юм. Цөмийн зэвсэг хэрэглэх үү үгүй үү, хэрэглэвэл ямар байдлаар хэрэглэх вэ гэсэн бодолд дарагдан бид хэдэн шөнийн турш нойргүй хонож байсан” хэмээн Мушарраф дурсан ярьсныг Японы сонинд иш татжээ. Үүний зэрэгцээ Пакистаны Ерөнхийлөгч хэлэхдээ "цөмийн дайн гэдэг бол огтхон ч байж болшгүй, уучилж болшгүй зүйл" гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
 
1999 оны 5 дугаар сард Энэтхэг, Пакистаны хооронд Каргилын дайн хэмээн нэрлэгддэг  зэвсэгт мөргөлдөөн болсон юм. Пакистаны цэргүүд ээлжит удаагаа Кашмир мужийг эзлэн авахаар тус мужийн Каргил тойрогт нэвтрэн орсон боловч 7 дугаар сард ялагдал хүлээн ухарчээ. Энэ бүтэлгүй ажиллагаа нь Пакистан улсад цэргийн эргэлт гарахад хүргэж, тус улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, генерал Первез Мушарраф Ерөнхий сайд Наваз Шарифыг албан тушаалаас нь огцруулжээ.
 
Хоёр орны харилцаа 2001-2002 онд дахин ноцтойгоор хурцадсан юм. Кашмир мужийг Пакистанд шилжүүлэн өгөхийг шаарддаг салан тусгаарлах бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд Энэтхэгийн парламентын ордонд халдсан явдал ийнхүү харилцаа хурцдах шалтаг болжээ. Халдлагын улмаас 10 хүн амь үрэгдсэн байна. Энэтхэгийн тал салан тусгаарлагчдыг дэмжиж байгаа хэмээн Пакистаныг дахин буруутгажээ.
 
Хоёр улс хоёулаа цэргийн дайчилгаа явуулж 2002 оны 1 дүгээр сар гэхэд хил дээр Энэтхэгийн 500 000, Пакистаны 300 000 цэрэг төвлөрөөд байлаа. Үүний зэрэгцээ хоёр улс хоёулаа цөмийн зэвсэгтэй байсан явдал нь дайн гарах аюулыг улам нэмэгдүүлж байсан юм. Хэдийгээр өргөн хэмжээний мөргөлдөөн гарахаас зайлсхийж чадсан боловч хил орчмын тулгаралтуудын явцад 3 мянга орчим цэрэг амь үрэгджээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг