sonin.mn
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын зэвсэгт хүчин цөмийн болон пуужингийн довтолгооноос хамгаалах номлолоо дахин хянаж үзэх ажлыг төлөвлөсний дагуу 2017 оны эцэс гэхэд дуусгах ажээ. Энэ тухай АНУ-ын зэвсэгт хүчний Стратегийн командлалын тэргүүн, генерал Жон Хайтен батлан хэллээ.
 
Энэхүү хоёр номлолыг дахин хянах ажлыг оны эцэс гэхэд дуусгана гэж бид найдаж байгаа” хэмээн тэрбээр ярьжээ. Энэхүү үйл явц нь энэ оны хавар эхэлсэн аж. Дүн шинжилгээ хийх явцад бүхий л хүчин зүйлүүдийг тооцож үздэг, тухайлбал Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг харгалзан үздэг ажээ.
 
Үүнээс өмнөхөн Пентагоны албан ёсны төлөөлөгч Дэн Уайтын  мэдээлснээр, пуужингийн довтолгооноос хамгаалах үндэсний хөтөлбөрийг дахин хянаж үзэх тухай захирамжийг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис 5 дугаар сарын эхээр гаргаж байжээ. Ингэснээр пуужингийн довтолгооноос хамгаалах салбарын чадавхийг бэхжүүлэх арга замыг олж тодорхойлох, байлдааны ажиллагааны талбарт болон тус улсын дотоодод тэргүүлэх чиглэлийг дахин тохируулан тэнцвэржүүлэлт хийх,  түүнчлэн тухайн салбарт хийх үйл ажиллагааны улс төр, стратегийн хүрээг хангахад чиглэх юм.
 
“Баллистик пуужингаас улс үндэстэн ба хилийн чанад дахь АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалах нь Америкийн батлан хамгаалах яамны хамгийн тэргүүн зэргийн зорилтуудын нэг юм” гэж Д.Уайт онцлон тэмдэглэжээ.
 
Пуужингийн довтолгооноос хамгаалах хөтөлбөрийг дахин хянах ажиллагаа АНУ-ын цөмийн номлолыг эргэн харахтай нэгэн зэрэг явагдах бөгөөд энэ тухай 4 дүгээр сарын дундуур мэдэгдсэн гэдгийг Уайт дурджээ. Түүний хэлснээр, эдгээр үйл явц нь АНУ-ын Засгийн газрын бусад холбогдох яамдын оролцоотойгоор хийгдэх аж. Эцсийн тайлан илтгэлийг Ерөнхийлөгч Дональд Трампад энэ оны сүүлчээр өргөн барих юм.
 
Америкийн цөмийн номлолын өмнөх хувилбарыг Барак Обамагийн Засгийн газар боловсруулсан ажээ. Энэхүү баримт бичгийн нууц бус хувилбарыг 2010 оны 4 дүгээр сард нийтэлж байна.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг