sonin.mn
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
 
-Хаврын чуулган завсарлалаа. Шинэ парламент жилийн хугацаанд хэр хурдтай, үр дүнтэй ажилласан гэж дүгнэж байна вэ?
 
-Жилийн хугацаанд энэ Их хурал өмнөх парламентуудтай харьцуулахад тоо хэмжээ, чанар агуулгын хувьд ч тэр нийгмийн бүхий л давхаргыг хамарсан бодлого, шийдвэр  гаргаж ажиллалаа. Тэр дундаа нийгэм, хөдөө аж ахуйн салбарыг чиглэсэн тодорхой ажлуудыг нэрлэж болно.
 
МАН-ын зүгээс сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтынхаа дийлэнх олонхийг хэрэгжүүлж эхэллээ.
 
Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор төсөвт, эдийн засагт нөлөөлөхгүй асуудлыг тухай бүрт нь шийдээд явсан. Зарим хуулиуд цаг хугацааны хувьд ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэхээр байгаа. Энэ дунд малчид, олон хүүхэдтэй эмэгтэйчүүд, ахмад настнуудын нийгмийн баталгааг сайжруулсан хуулиудыг баталлаа. Малчид руу чиглэсэн хамгийн гол зүйл бол тэтгэвэрт гарах насыг нь таван жилээр наашлууллаа. Тойрогт ажиллах үеэр иргэдийн хамгийн их асууж сонирхож байсан зүйл бол малчдын тэтгэврийн настай холбоотой асуудал байсан. Жилийн дөрвөн улиралд цаг наргүй ажилладаг малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах нь зарчмын хувьд оновчтой шийдвэр байсан.
 
Өнгөрсөн оны долдугаар сард Засгийн газраа байгуулаад улс эх орноо хүлээж авахад тэтгэвэр, тэтгэмжээ ч тавьж чадахааргүй болтлоо данс нь улайсан байсныг бүх хүн мэдэж байгаа. Гэтэл жил гаруйн хугацаанд эдийн засгийг босгож ирэх бодлогын шийдвэрүүд гаргаж ажиллалаа. Тавдугаар сарын 18-нд Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд эдийн засагт гэрэл гэгээтэй мэдээлэл гарч эхэлж байна. Ингэснээр санхүүгийн хүндрэлээс болж хойшлоод байсан  тодорхой хуулиуд ч ирэх оны эхнээс хэрэгжээд явах бүрэн бололцоотой болж байна. Ерөнхийдөө энэ парламент жилийн хугацаанд эдийн засгийн хямралаас хэрхэн гарах вэ, уналтыг яаж зогсоох вэ гэдэгт анхаарч ажиллалаа. Үүний дүнд эдийн засгийн уналт зогсч ам.долларын ханш 2500 төгрөгөөс 2350 руу орж буурсан. Оны төгсгөлд  2000 төгрөг болох магадлалтай.
 
Улс орныг эдийн засгийн хямралаас гаргах, хөгжүүлэх асуудал цэвэр УИХ, Засгийн газартай холбоотой учраас улстөржихгүйгээр төсвийн сахилга баттай байх хэрэгтэй юм байна. Төсөв санхүүгийн зөв бодлого, хариуцлагатай байх ёстой гэдэг нь харагдаж байна.
 
-Парламентын залуу гишүүний хувьд жилийн хугацаанд хэдэн хууль санаачилж хэрхэн ажилласан бэ?
 
-Залуу гишүүн гэдэг талаасаа залуусынхаа дуу хоолой болж, эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлж ажиллахыг хичээлээ. Залуучуудын байгууллагыг тэргүүлж ажилладгийн хувьд тэдэн рүү  чиглэсэн бодлогын урт хугацааны хууль тогтоомжийг гаргах зайлшгүй шаардлага байсан. Монгол Улсын  түүхэнд залуучуудын эрх ашгийг хамгаалж, хөгжлийг дэмжсэн хууль тогтоомж байгаагүй. Залуучуудтай хамааралтай хууль тогтоомж гээд аваад үзэх юм бол 20 гаруй хуульд хэсэг бүлэг заалт байснаас тулгамдаж байгаа асуудлыг 20-30 жилээр нь харсан бодлогын тогтолцоо байгаагүй. Тиймээс бид сүүлийн хоёр жилийн хугацаанд бодлогын судалгаа хийж 60 мянган залуусаас түүвэр судалгаа авч, баримт бичиг боловсруулсан байснаа өнгөрсөн намар УИХ-д өргөн барьж улмаар батлагдлаа. Энэ бол залуучуудын байгууллага, залуу гишүүдийн зүгээс санаачилж хийсэн ажлуудын нэг.
 
Миний хувьд хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд хөдөө аж ахуй руу чиглэсэн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Тэр дундаа малын эрүүл мэнд, ашиг шим, удмын санг нэмэгдүүлэхтэй холбоотой хуулийн төслүүд дээр Ажлын хэсгийг ахалж ажилласан.
 
-Манай улсад мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлого, тогтолцоо ямар төвшинд байна вэ. Шинэ хуулиудаар хэрхэн сайжруулах боломжтой вэ?
 
-Монгол Улсын хөгжлийн ирээдүйг харсан ч гэсэн мал аж ахуй хөдөө аж ахуйн салбар бол улс орны эдийн засгийн үндсэн гол тулгуур юм. Энэ салбарт тодорхой шинэчлэл тогтолцооны өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай. Малын генетик нөөцийн  болон малын эрүүл мэндийн тухай хуулиуд  хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын бодлогын өөрчлөлт тогтолцооны шинэчлэлийн суурь хууль болж байна. Малын эрүүл мэнд, удмын сангаас гадна бэлчээрийн асуудлыг шийдэх ёстой. Бэлчээрийн менежмент, бэлчээрийг хамгаалах асуудлыг дагалдуулж оруулж байж мал аж ахуйн салбар  хөгжих эсэх яригдана. Тиймээс цаашид энэ салбарт бодлогын олон шинэчлэл хийх хэрэгтэй юм байна. Монгол Улсын малын тоо толгой 80 сая хүрсэн нь нэг талаас баяртай мэдээ боловч нөгөө талаас бэлчээрийн даац хэтэрч талхлагдаж байгаа асуудал үүсч байна. Өмнө нь бод, богийг ялгавартай бэлчээрлүүлдэг, нутаг сэлгэх  зэргээр зохицуулдаг байсан. Бэлчээрийн даац хэтэрснээс мал давжаарч ашиг шим буурах, өвс хадлан муудах асуудал үүсч байна.
 
Өмнө нь 40-50 кг татдаг байсан хонь 25-30 кг  болж буурах жишээтэй. 40 сая малтай байх уу, 80 сая малтай байх уу гэдэг асуудал яригдана. Энэ тал дээр малчдаа төлөвшүүлэх шаардлага гарч байна. Малчин өөрөө малын эмч, малзүйчийн ажлаа хийж байгаа нь эмгэнэл. Энэ мэтээр бодлогын асуудлыг хийх зайлшгүй шаардлагатай. Энэ бүхнийг зөв зүйтэй шийдвэрлэхгүйгээр мал аж ахуйн салбарын хөгжил, зах зээлийг өргөтгөх боломжгүй. Тэр бүү хэл дотоодынхоо малын хэрэгцээг ч хангахгүй. 80 сая малтай хэрнээ нэг кг махны үнэ ямар байгаа билээ. Гадаад зах зээлд гаръя гэвэл олон улсын журам  стандартад нийцсэн жишиг малыг  бий болгох зайлшгүй шаардлага байна. Хөдөө аж ахуйг дэмжсэн бодлого, хариуцлагатай малчин төлөвшүүлж байж өндөр ашиг шим бүхий малтай болно. 
 
-Малын удмын санг сайжруулах чиглэлээр хуульд ямар бодлого өөрчлөлт тусгаж байгаа вэ?
 
-Малын генетик нөөцийн тухай хуульд үүрэг хариуцлагыг  чангатгасан. Гадаадаас сайн үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгч оруулж ирэх асуудлыг хуулиар нэлээд нарийвчилж зохицуулсан. Тухайлбал, гадаадаас оруулж ирсэн сүргийг монгол малтай эрлийзжүүлэх асуудлыг малчин, аж ахуйн нэгж дураараа шийдэхгүй. Тодорхой бодлогын хүрээнд шинжлэх ухаанчаар хандаж мэргэжлийн байгууллагын зөвлөгөөтэйгөөр үржүүлгийн ажил хийж болно. Үүнд малыг цэврээр нь үржүүлэх асуудлыг тусгаж өгсөн.
 
-Хөдөө багт амьдарч байгаа жирийн малчинд Малын генетик нөөцийн тухай хууль хэрхэн тусч, ашиг шимээ өгөх  вэ?
 
-Малчин хүн дураараа сүргээсээ эцэг мал тавьж хээлтүүлэх асуудлыг хязгаарлаж байгаа. Тэгэхгүй бол залуу малчдад уламжлалт мэдлэг байхгүйгээс сүргээсээ хуц, ухна тавьснаар цус ойртож мал давжаарч байна. Малын ашиг шим буурахын гол үндэс шалтгаан нь энэ юм. Уг нь сум баг болгонд малын эмч, малзүйч ажиллаж бүх мал тооллоготой, хөгжлийн бодлоготой байсан. Малын ашиг шимийг нэмэгдүүлэх үүднээс  төр хяналтдаа авах цаг болсон. Эхний ээлжинд 2020 он хүртэлх хугацаанд сум болгон дээр бог малын хээлтүүлэгчийн цөм сүргийг бий болгоно. Улсын төсвөөс хөрөнгө мөнгийг нь гаргаж нэгдсэн маллагаатайгаар үржлийн үед сайн чанарын цөм сүргийн хуц, ухныг малчдад нийлүүлнэ. Үүний үр дүнд бог малын амьдын жин таван жилийн дотор 3-5 кг-аар нэмэгдэх боломжтой гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна.
 
Харин бод малын төвшинд буюу үхэр сүрэг дээр энэ бодлогыг хэрэгжүүлье гэхэд төсөв мөнгө хүнд. Тиймээс үе шаттайгаар шийдвэрлэнэ. Манай Архангай аймагт гэхэд Монгол Улсын сарлагын 80 хувь нь байдаг. 500 мянган сарлаг манай тойргийн найман суманд бий. Иймэрхүү онцгой үүлдэр угсаатай малыг төрийн бодлогоор дэмжихээр хуулийн зохицуулалт хийж өгсөн.
 
-Гадаадаас мал авчирч үүлдэр угсааг сайжруулахаас илүүтэй малчдын амьжиргааг залгуулдаг малын түүхий эдийн үнэ жилээс жилд унаж байна. Үүнийг мах экспорттой холбож тайлбарладаг ч хуулиар зохицуулах боломж бий юу?
 
-Монгол малын мах экспортод гарахгүй байгаа асуудал малын эрүүл мэнд, хяналттай холбоотой. Манайх шиг  бэлчээрийн мал аж ахуйтай улс орон ховор. Дийлэнх улс орон фермерийн аж ахуйтай байдаг учраас эрүүл мэндийн шаардлага, хяналт нь өндөр байдаг. Хэдийгээр бэлчээрийн мал аж ахуйтай ч гэсэн хяналтын тогтолцооны асуудлыг босоо төвшинд бий болгох ёстой. Хаана бэлчээрлэсэн хэн гэдэг малчны ямар удам угсаатай мал вэ гэдэг нь хил гааль дээр асуудал болдог. Гарал үүсэл, эрүүл мэнд, малын бүртгэл шаардлагатай. Тиймээс эхний ээлжинд Малын эрүүл мэнд, Малын генетик нөөцийн тухай хуулиар зохицуулж байгаа гол асуудал бол хээлтэгч болон хээлтүүлэгч, таваарын бүх малыг бүртгэлжүүлэх. Олон улсын нийтлэг жишгээс хазайж болохгүй. Бүх мал бүртгэл, чиптэй байх ажил руу орохоос аргагүй. 2020 он гэхэд энэ ажлыг хийж дуусгах ёстой.
 
-Мах экспортлох асуудлыг дотооддоо хэрхэн шийдвэрлэх шаардлагатай вэ?
 
-Малын эрүүл мэнд цаашлаад экспорттой холбоотой асуудлыг  дотооддоо ч үе шаттай хийнэ. Хуулиар малыг дураараа шилжилт хөдөлгөөн хийлгэдгийг хориглож байгаа. Зайлшгүй  улсын нэгдсэн бүртгэлд хамрагдсан, чиптэй, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан малыг шилжилт хөдөлгөөн хийнэ. Түүнээс биш зүүн аймгаас баруун руу дураараа шилжилт хөдөлгөөн хийх асуудал байхгүй болж байгаа юм. Энэ нь малын гоц халдварт өвчнийг олон бүс нутагт түгээх байдлыг үгүй болгоно. Өнөөдөр аль ч сум, багт малын халдварт өвчин гарахад бэлэн болсон байна. Манай тойргийн нэг багт хүртэл цахилгаан боом өвчин гарсан байна. Нэг хоногийн дотор 70 үхэр үхсэн, арван нохой тухайн өвчнөөр өвчлөөд л газар дээрээ үхэж байна. Ийм малын мах идэхгүй гэх баталгаа байхгүй байна. Тиймээс үүнээс л урьдчилан сэргийлэх ёстой байгаа юм. Урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн хяналтын босоо тогтолцоог хийж өгөхөөс өөр аргагүй болчихоод байна. Сум бүрт малын эмч, мал зүйч нарынхаа тоог нэмэх шаардлагатай. Дээрээс нь дэлгүүр, хүнсний зах болон мах комбинатуудад эрүүл мэндийн шаардлага хангасан, бүртгэл, чиптэй малын мах худалдаалдаг байх ёстой гэж үзэж байгаа. Энэ бол хүнсний аюулгүй байдлыг  хангаж байгаа асуудал гэж ойлгож болно. Хуульд үүний эхний зохицуулалтуудыг тусгасан. Дээрх шаард­лагыг хангаж байгаа, эрүүл мэндийн үйлчил­гээг тогтмол хийлгэдэг, малаа бүртгэлжүүлдэг хариуцлагатай малчинг төрөөс урамшуулдаг байна гэсэн ерөнхий эхний хуулийн заалтуудыг оруулсан. Малчныг хариуцлагатай болгоё гэдэг зүйл Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн хүрээнд орж ирсэн.
 
-Монгол Улсад 80 сая мал байна гэж байгаа. Бүгдийг нь бүртгэлжүүлнэ гэсэн үг үү. Малчдад зардал, чирэгдэл, улсаас  ч их төсөв мөнгө шаардагдах болов уу?
 
-Үүнийг хийхээс өөр аргагүй. Эхний ээлжид таваарын болон хээлтэгч, хээлтүүлэгч малаа бүртгэж авахаар байгаа. Өмнө нь хээлтэгч малыг хээлтэй, хээлгүйгээр нь бүртгэдэг байсан. Тэгж байж дараа нь төлийн тоогоо гаргаж ашиг шимийн асуудлаа ярьдаг байсан. Махыг сортолж, сүүг хүртэл ашиг шимээр нь ангилдаг байсан. Ноос ноолуурыг хүртэл ашиг шимээр ангилдаг явуулын лаборатори байсан. Гэтэл одоо малын ашиг шим гэдэг асуудлыг орхигдуулсан байна. Одоо сум, баг бүрт малын ашиг шимийг ярих ёстой болоод байна. Тиймээс бүтээгдэхүүний чанар, баталгаажуулалтын асуудал зайлшгүй байх ёстой.
 
-МАН-ын зарим залуус намаа шинэчлэх хөдөлгөөнийг өрнүүлж эхэллээ. Нам шинэчлэх болон төрийн албатай холбоотой гэх 60 тэрбумын бичлэгийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
 
-МАН  бусад улс төрийн намуудын хажууд хамгийн их шинэчлэлтэй, бодлогын өөрчлөлт хийдэг, шинэчлэлийг дотоод зах зээл ардчилалынхаа зарчмаар өрнүүлдэг нам. УИХ-д орсон залуу гишүүдийн төлөөлөл, эмэгтэйчүүдийнх нь төлөөллийг харсан ч зөвхөн МАН-аас 10 гаруй эмэгтэйчүүд байна. Залуучууд нь 1980 оныхон нь бараг 10 гаруй залуус байна. Тэгэхээр нэг талаасаа нам өөрөө өөрөөсөө төлөвшүүлээд намынхаа тогтолцоогоор дамжиж бэлтгэгдсэн боловсон хүчинг байнга гаргаж ирдэг.
 
60 тэрбумаар Ерөнхийлөгч чиглэл өгсөн асуудлыг би өөр өнцгөөр харж байна. Авлигатай тэмцэх газар гэдэг бол хэн нэг улстөрч албан тушаалтнаас хамаарахгүйгээр үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй байгууллага. Хэн нэгэн албан тушаалтан АТГ-т шууд нөлөөлж үүрэг даалгавар, чиглэл өгөх асуудал байж болохгүй. Хуулиар хориглосон зүйл. Энэ асуудал Үндсэн хууль дээр очвол унах хэмжээнд хүрнэ. Шинэ Ерөнхийлөгч бүрэн эрхээсээ давсан үйлдэл хийсэн нь алдаа юм. Зарчмын хувьд санал бодлоо солилцож байр сууриа илэрхийлэх зүйл байж болно.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин