sonin.mn
Намрын халуун өдрүүд намуудын хийрхлээр эхэлж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан АН-ынхан өөрт олдсон боломжийг ашиглах, Х.Баттулгаар дамжуулан сөрөг хүчин гэдэг нэр сүрээ жаахан ч гэсэн сэргээх гэж оролдож байгаа бол ялалт амссан МАН-ынхан эрх мэдэл, сандал суудлын дахин хувиарлалт хийгээр улайрч эхлэв. Сонгуулийн үед үнэндээ гараа хумхин суусан амны халуунтай улс төрчид, намынхаа нэр хүндийг шавартай хутгахад хамгийн гол нөлөө үзүүлсэн эрхэм гишүүд, сайд дарга нар, албан тушаалын бялуунаас хоцорсон гомдогсод энэ удаа сэрж ирэв. Тэд хамгийн түрүүнд МАН-ын даргын суудлыг Ерөнхий нарийн бичгийн даргын суудалтай хамт авах том зорилго урдаа тавив. МАН-ын Их хурлыг хуралдуулах, энэ хурлаар хариуцлага тооцох, шинэ дарга томилох нь нэгэнт тодорхой болоод байгаа. Харин тэр суудлыг хэн авах бэ гэдэг маргаан өрнөж, энэ уралдаанд хүчээ үзэхээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хамгийн түрүүнд гарлаа. Гэвч эрх барьж байгаа намын засаг удирдаж суугаа Ерөнхий сайд намаа ялагдахад гол нөлөө үзүүлсэн гэдгээ мартсан бололтой. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулах тэр цагт  МАН-ын дарга М.Энхболд өөрт олдож байсан Гүйцэтгэх засаглалын тэргүүний суудлаас сайн дураараа татгалзаж, Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайдын суудлыг өгч байсан. М.Энхболдын энэ шийдвэр намынх нь акулуудын дургүй зэвүү хоёрыг зэрэг хүргэсэн гэхэд болно. УИХ-д олон удаа ялалт байгуулж, бас ч гэж намдаа гавьяа байгуулсан хэмээн бардам бодож суусан хашир гаруудаас эхлээд  МАН ялбал мань мэтийнх нь  амьдрал сайжирна гэж итгэж суусан жирийн гишүүд хүртэл Ж.Эрдэнэбат гэдэг Ерөнхий сайдыг тийм ч таатай хүлээж аваагүй. Олон нийтийн санаанд нийцэж чадаагүй Ерөнхий сайдын ажил ч олигтой байж чадсангүй. Цөөн үгээр хэлбэл Ж.Эрдэнэбат МАН-д итгэж, хүлээж байсан тэр олны итгэлийг дааж чадаагүй, чадвар мөхөсдсөн гэхэд болно. Ж.Эрдэнэбатын энэ бүтэлгүйтэл Засгийн газрын гишүүдийг томилох томилгооноос эхлэв. МАН ялах болгонд албан тушаалын бялууны хамгийн томыг хүртэж чаддаг хэрнээ хийсэн ажлаар маруухан хэл амнаас салдаггүй Д.Оюунхорол, тамхины наймаачин Ц.Дашдорж, Монголын баялагт бараг л дангаараа эзэн суусан Н.Номтойбаяр, хавтгай газар болгон дээр байшин барилга овоолж, Монголын төрийг машины ченжийн зах болгож хувиргасан Д.Чойжилсүрэн  гээд чих халууцуулж, сэтгэл гонсойлгож ханадаггүй хэдэн нөхдөөр тэр танхимаа бүрдүүлэв. Ядаж байхад Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар газрын наймаачин, албан тушаалын наймаачин хэмээн хангалттай цоллуулсан Ц.Сандуйг гаргаж ирлээ. Үнэхээр л баячууд Засгийн газрын танхимд орж ирж, сандал суудалд нь шигдэв. Баячуудынхаа хамт баталсан тогтоол шийдвэр, дүрэм журам нь ч ой гутмаар. Монголд ажилгүйдэл, ядуурал газар авч, уул уурхайн компанид ажиллаж байсан олон мянган залуучууд хий ажилгүй гэгүүрч, талхныхаа мөнгийг олох гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байхад Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамных нь сайд Н.Номтойбаяр хятадаас баахан ажиллах хүчин оруулж ирэх, тэднийг оруулж ирж байгаа компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргаж, өөрийнхөө хувийн компанид гэхэд л 20 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэв. Үүнийг Ерөнхий сайдз Ж.Эрдэнэбат мэдээгүй байсан гэвэл алдас болно. Үүний араас нүүр улааж, нүд бүлтийж, сэтгэл шимшрүүлсэн олон шийдвэрийг Засгийн газраас гаргав. Приус автомашины татвар нэмэх, хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгох, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг хасах, шатахууны татварыг нэмэх гэх мэт иргэдийн амьдралд нөлөөлсөн бүхий л сөрөг шийдвэрийг Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Д.Чойжилсүрэн нар гаргасан. Үүний үр дүн нь саяын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн. Мөнгөгүй байна, Монгол Улс дампуурах гэж байна, татвар л нэмнэ хэмээн хашгирч, ядарсан иргэдээ улаам цайм дээрэмдэн ёстой л нөгөө Манжийн хаан шиг загнаж байсан Ж.Эрдэнэбат 90 гаруй жилийн түүхтэй МАН-ын нэрийг МАНгар болтол нь хувиргаж,  ард түмний дургүйцлийг хүргэсэн. МАН-аас томилогдсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгчийн сонгуулийн болохыг мэдсээр байж иргэдийг өөрөөсөө түлхэх шийдвэрүүдийг улайм цайм гаргаж, Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга М.Энхболдыгоо ялагдах нүхийг улаан гараараа малтсан гээд хэлчихэд нэг их хатуудахгүй л болов уу? Ж.Эрдэнэбатын МАНгар шийдвэрүүдийн үр дүнд М.Энхболд ялагдлаа. Ард түмэн дэмжиж ч чаддаг, түлхэж ч бас чаддаг гэдгээ харуулав. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын төрсөн нутаг Сэлэнгэчүүд гэхэд л М.Энхболдод итгэл хүлээлгэсэнгүй, түүний ялагдалд хувь нэмрээ оруулав. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хоёр дахь удаагаа явагдах тов зарлагдсны дараа “мөнгө байхгүй. Бүсээ чангалж, татвараа нэмж өг” хэмээн хашгирч байсан Ж.Эрдэнэбат гэнэтхэн өгөөмөр хүний дүрд хувирч хүүхдийн мөнгийг хүүхэд болгонд өгөх, Эрдэнэтийн хувь тараах, бүх гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний  шөнийн тарифыг 100 хувь тэглэх аймаар, аймаар том мөнгөний шийдвэрүүд гаргалаа. Ж.Эрдэнэбат уулын чинээ алт нэг шөнө олоогүй л юм бол Монгол улсын эдийн засгийн хаанаас нь ч гарахгүй байхаар энэ их том амлалтууд иргэдийг тайвшруулах биш харин ч улам уурлуулж орхисон хэрэг байлаа. Үнэхээр л Ж.Эрдэнэбат МАН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд ороход гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд хувь нэмэр оруулахыг хүсч байсан юм бол энэ их бэлэн мөнгөний амлалт, хөнгөлөлт, хувьцааг ядаж сонгуулийн өмнө гаргаж болох л байсан. Гэвч тэр тэгээгүй. Өнөөдөр сонгуулийн дараа МАН-ынхан ч өөрсдөө “М.Энхболдыг ялагдуулах бүхий л ажлыг Ерөнхий сайд нь хийчихэж. Ж.Эрдэнэбат МАН-ыг гартаа вач, намын дарга болохын тулд М.Энхболдыгоо хорлочихсон юм биш үү” хэмээн хэн нэгнээс ичиж зовохгүйгээр ярьж байна. Миеэ Энхболдыг замаасаа зайлуулсан Ж.Эрдэнэбат одоо МАН-ын дарга болохоор улаарч байна. Намын дарга болохын тулд намынхаа нэр хүндийг, намынхаа гишүүд дэмжигчдийг хөсөр хаясан Ж.Эрдэнэбат хариуцлага бус шагнал горьдож сууна. Бас түүний тэргүүлсэн Засгийн газрын гишүүдтэй холбоотой ноцтой асуудлууд асар их бий. Увайгүй Ерөнхий сайдаа шагнах уу, шалгаж хариуцлага тооцох уу гэдгийг МАН-ын Их хурал шийднэ. 
 
 
Ч.Явуу