sonin.mn
СӨҮЛ./ТASS/. Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яам хоёр орны батлан хамгаалах яамдын төлөөлөгчдийн оролцоотойгоор хэлэлцээ хийе гэсэн саналаа Умард Солонгосын талд дахин тавьсан тухай Ёнхап мэдээллээ.
 
Өмнөд Солонгосын БХЯ хэлэлцээ хийх саналтай байгаагаа анх 17-ны өдөр Умардын талд мэдэгдсэн юм. Уг хэлэлцээг “Панмүнжом” хилийн шалган нэвтрүүлэх цэгт 21-ний өдөр хийхийг санал болгосон боловч Умард Солонгосын тал ямар нэгэн хариу өгөөгүй байна. Түүнээс гадна Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар тухайн газарт 8 дугаар сарын 1-ний өдөр зөвлөлдөөн хийх саналыг Умардын талд мөн тавьсан аж.
 
Өмнөд Солонгосын эдгээр саналыг Хятадын Гадаад хэргийн яам дэмжиж байгаагаа мэдэгдсэн бол Японы эрх баригчид нэлээд хянуур болгоомжтой хандаж байгаа юм.  
 
Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш Өмнөд Солонгосын саналыг дэмжээд, түүнийг хүлээн авахыг Умард Солонгосын талд уриалсан байна.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг