sonin.mn
НЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ захирал Майкл Помпео Сирийн талаарх АНУ-ын ашиг сонирхол Оросын ашиг сонирхолтой нийцэхгүй байгаа боловч Москватай хамтран ажиллах боломж олдоно гэдэгт найдаж байгаа ажээ. Энэ тухай пүрэв гарагт тэрбээр Колорадо муж улсын Аспен хотод болсон аюулгүй байдлын асуудлаар бага хуралд оролцохдоо мэдэгджээ.
 
“Бид мэдээж хэрэг оросуудтай хамтран ажиллах салбар хүрээг олж тодорхойлохыг хичээнэ. Гэхдээ Сири дэх бидний ашиг сонирхол ижил биш байгаа. Тагнуулын байр сууринаас бид Оросын ашиг сонирхлын төлөө бус харин Америкийн ашиг сонирхлын төлөө ажиллах тийм хүрээг бид Сирид хайж байгаа” хэмээн ТТГ-ын тэргүүн хэлжээ.
 
Сири дэх Оросын ашиг сонирхол юунд чиглэж байна вэ гэсэн асуултанд Помпео хариулахдаа “тэдэнд өвөл хөлддөггүй цэргийн боомт хэрэгтэй, бас дээр нь Америкт таагүй зүйл хийх нь оросуудад таалагддаг. Тэд бидний нөхцөл байдлыг хүндрүүлэх тийм газрыг олох гэж оролдож байгаа, бас өөртөө ашиг хонжоо гарган авч болох нүх сүвийг хайж байгаа. Тагнуулын үүднээс авч үзэх юм бол, тэд Сириэс гарахгүй тэндээ үлдэх бодолтой байгаа гэдэг нь ойлгомжтой” гэжээ.
 
ТТГ-ын захирал цааш нь хэлэхдээ “оросуудтай терроризмын эсрэг хамтдаа тэмцэх боломж бий гэж би найдаж байна. Энэ тал дээр би шаргуу ажиллаж байгаа. Терроризмын эсрэг тэмцэхэд хэрэгтэй мэдээлэл оросуудад байгаа бол тэдэнтэй хамтран ажиллах нь миний үүрэг” гэлээ.
 
Оросыг та дайснаа гэж үздэг үү гэсэн асуултанд тэрбээр хариулахдаа “энэ бүхэн их нарийн асуудал л даа. Оросууд асар их цөмийн нөөцтэй, бас тэд Сирид байр сууриа бэхжүүлээд байгаа тийм цаг үед бид амьдарч байна. Оросууд Крымийг өөртөө нэгтгэн авсан, мөн Украины зүүн өмнөд хэсэгт түшиц газартай болсон” гэж. М.Помпеогийн үзэж байгаагаар, АНУ-ын үүрэг бол оросууд байр сууриа өргөжүүлэн бэхжүүлэхийг нь зүгээр хараад сууж байх бус харин Орост няцаалт өгөх явдал ажээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг