sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран өнгөрөгч 5 дугаар сараас эхлэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй.
 
Тус хөтөлбөр нь 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд тус сангийнхан тогтоосон хуваарийн дагуу Монголд ирж ажиллахаар тохиролцсон. Энэ дагуу ОУВС-гийн ажлын хэсэг манай улсад ажиллаж байна. Тэд энэ сарын 19-нд Сангийн яаманд ажиллажээ. Өөрөөр хэлбэл, уг хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хянахаар ирсэн аж.
 
Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Япон, БНСУ-аас урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлтэй төсвийн болон төслийн санхүүжилтийг авахаас гадна БНХАУ-ын Төв банкны своп хэлэлцээрийн дүнд нийт 5.5 орчим тэрбум ам.долларын санхүүжилт Монголд орж ирнэ. Зөвхөн ОУВС-аас гэхэд ойролцоогоор 434.3 сая ам.долларын санхүүжилт авахаар болсон ба эхний ээлжийн мөнгө манай улсад орж ирээд буй.
 
Хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засагт үүсээд байгаа хүндрэл арилж, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүрч, өрийн дарамт буурна хэмээн үзэж байгаа билээ.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг