sonin.mn
Энэ жил үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой нь тохиож байгаа Увс аймгийн Зүүнговь сумын нутгийн зөвлөлийн дарга, гавьяат хуульч, бөхийн “Увс нуур” галын тэргүүн Д.Дорлигжавтай ярилцлаа.
 
-Та сайхан наадав уу, одоо сумын ой гээд ажил ихтэй байна уу?
 
-“Увс нуур” галаас энэ жил хүчит гарьд, заан цолтон төрлөө, сайхан наадлаа. Төрж, өссөн сумын минь 90 жилийн ой энэ онд тохиож байгаа. Бэлтгэл ажлаа хангаад л байна. Сум байгуулагдсаны 90 жилийн ойгоо манай нутгийнхан долдугаар сарын 31, наймдугаар сарын 1-нд тэмдэглэхээр бэлтгэлээ хангаж байна. Нутгийнхан шүтдэг Өгөөмөр хайрханаа баясгасны дараа ойд зориулсан наадмын үйл ажиллагаа, хөтөлбөрийн дагуу үргэлжилнэ.
 
-Ойн баяраа тохиолдуулаад нутагтаа бүтээн байгуулалт хийж байгаа байх. Үүнээсээ сонирхуулж болох уу?
 
-Ардын хувьсгал ялснаас зургаахан жилийн дараа домог түүхтэй арван баядын хошууны ардуудын нэг хэсэг нь Зүүнговь сумыг байгуулсан түүхтэй. Хангай, говь хосолсон сайхан тогтоцтой нутаг. Сумынхаа ойг сайхан зохион байгуулахаар нутгийн зөвлөл, нутгийнхан маань бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Бид 90 жилийнхээ ойд зориулж олон ажил  төлөвлөсөн. Томхон хэдээс нь л дуулгая. Орчин үеийн урлаг соёл олон нийтийн ямар ч арга хэмжээ зохион байгуулах боломжтой стадион барьж байгаа бөгөөд төсөвт өртөг нь 250 сая төгрөг. Бетонон замтай, саравчтай, битүү ногоон зүлэгтэй, мод буттай, орчин үеийн нийтийн бие засах газартай стадион юм. Сумын эмнэлэгтээ 60 орчим сая төгрөгөөр орчин үеийн тоног төхөөрөмж бэлэглэж, эмч нарынхаа дунд сургалт зохион байгууллаа. Манай сумын эмнэлэг байгуулагдаад 70 жил болж байгаа, мөн энэ үеээр ойгоо тэмдэглэнэ.  Зүүнговь суманд Зэвсэгт хүчний 328 дугаар локаторын салбар байдаг. Энэ жил 20 жилийн ой нь мөн тохиож байгаа. Зэвсэгт хүчний 328 дугаар салбарын ойг бас хамтран тэмдэглэнэ. Ерөнхий боловсролын сургуульдаа 20 гаруй сая төгрөгөөр физик электроникийн лаборатори байгуулж байгаа. Мөн баярын үеийн урлаг соёл, спортын арга хэмжээг их өргөн зохион байгуулахаар төлөвлөсөн.
 
-Энэ бүх хөрөнгийг яаж босгосон бэ. Сумын төсвөөс хэдийг нь гаргасан бол?
 
-Улсаас тусгайлан төсөв  хөрөнгө гаргаагүй ээ. Нутгаа гэсэн зон олны хандив тусламжаар л зохион байгуулж байна. Энэ дашрамд нутгаа гэх халуун сэтгэлээр хандив  өргөсөн алтан нутгийнхандаа, мөн дэмжиж тусалсан найз нөхөд бусад  хүмүүст Нутгийн зөвлөл, нутгийнхныхаа өмнөөс талархаж байгаагаа дахин илэрхийлье. Ямар ч зүйл өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээст оршдог. Бидний гол зорилго бол бүтээн байгуулалт хийж, нутгаа гэх сэтгэлтэй баяр наадамд ирсэн хүмүүс, нутгийн зон олноо сайхан баярлуулах л зорилготой юм.  Эдийн засаг хямралтай, хүндхэн байгаа ч ирээдүй хойчийнхоо төлөө нутгийнхан маань үл ажран зүтгэцгээж байна.
 
-90 жилийн түүхтэй сумаас олон алдартан төрөн гарсан байж таарна. Нутгийнхаа бахархал болсон алдартнуудын тухай дурдахгүй өнгөрч болохгүй байх?
 
-Увс аймгийн Зүүнговь сумаас төрсөн олон алдартан бий. Монгол Улсын баатар Т.Дүүдээ, Хөдөлмөрийн баатар Б.Цэвээн болон төрийн соёрхолт, төрийн шагналт, гавьяатууд олон бий. Тэр бүх алдартнуудын нэрийг нь дурдахад урт жагсаалт болно. Ойн хүрээнд Т.Дүүдээ баатрын хөшөөг шинээр сэргээн босгож, мөн Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, Баруун хязгаарын тулгаралт, Хасгийн дээрэмчидтэй тулалдаж явсан ахмад дайчдынхаа нэрсийг хөшөөндөө оруулан мөнхжүүлж байгаа. Улс эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цусаа урсган тулалдаж явсан дайчин баатар эрс, ахмад үеэ  бид үеийн үед мартах учиргүй. Бас хэлмэгдүүлэлтийн бараан сүүдэр ч манай нутгийнхныг тойроогүй. Харьцангуй цөөн хүн амтай манай сумаас гэхэд 109 хүн хэлмэгдүүлэлтээс үүдэн хорвоогийн мөнх бусыг үзсэн. Хэлмэгдсэн ахан дүүсдээ зориулж том хэмжээний хөшөө дурсгалын цогцолборыг шинээр босгож байгаа.  90 жилийн ой бол дан ганц баяр наадам биш, бидний алдаж эндэж явсан, бас баярлаж бахархах бүх түүхийн хэлхээс гэж үзвэл зохино.
 
 
-Зүүнговь сумаас төрөн гарсан алдартнуудын нэг нь УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу. Энэ утгаараа ойд зориулсан урлагийн үзүүлбэр өвөрмөц болох болов уу гэж бодож байна?
 
-Наадмын нээлт нэлээд өвөрмөц болно. Цэрэнсамбуу маань зөвхөн баяр наадмын нээлт төдийгүй санхүү хөрөнгө мөнгө босгох төдийгүй бүхий л бэлтгэл арга хэмжээг зохион байгуулан олон зүйлийг санаачлан оройлон ажиллаж байна. Баяр наадмын нээлтийн ажиллагаанд манай сумын гаралтай уран бүтээлчдээс гадна өөр олон уран бүтээлч оролцоно. Арван баядын хошууны үүсэл гарал, түүхийг харуулахаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Цэрэндолгороор ахлуулсан баг ажиллаж байгаа.    
 
-Наадмыг бөхийн барилдаан, морины уралдаан, сур харваа­гүйгээр төсөөлшгүй. Ойд зориулж хэчнээн бөх барилдаж, хэдэн насны морь уралдах вэ?
 
-Ойд зориулсан наадамд бүх насны морь уралдана. Зүүнговь сум хурдан хүлэг олонтой учраас морины уралдаан эртнээсээ нэлээд өрсөлдөөн сонирхолтой болдог уламжлалтай юм. Онцолж хэлэхэд наадмаас өмнө Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт төрийн тахилгат Ханхөхий хайрханы тахилга, баруун бүсийн хурдан морины уралдаан болох юм. Энэ тахилгад оролцсон морь, бөхчүүд манай наадамд ирж  шандас, хүчээ сорих байх. Сумын ой маань нэлээд нүсэр, үзүүштэй сайхан наадам болох биз ээ.
 
-90 жилийн ойн баярыг үзэнгээ жуулчид сонирхож болох дурсгалт, үзэсгэлэнт газар Зүүнговьд хэр олон бэ?
 
-Манай суманд өвөрмөц тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт олон газар байдаг. Дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд хэсэгт орших Алтан элс бүхий элсэн бөөрөг дундаас оргилон урсах нарийны голын хоёр эх, модтой, жимстэй Нарийны гол, Урт булаг, Хустын гол, Гурмасны гол зэргийг харж болно. Бид бүхний хувьд сумын маань бүхий л газар дов толгод бүхэн нь хамгийн дурсгалтай, үзэсгэлэнтэй сайхан байдаг. 
 
- Ярилцлагын төгсгөлд та нутгийнхандаа хандаж юу хэлэх вэ?
 
-Юуны өмнө сонины нийт уншигчдад сумынхаа 90 жилийн ойн мэндийг дэвшүүлье. Зүүнговийн уугуул иргэд болон, ажиллаж амьдарч байсан хүмүүс тэдний үр хүүхэд, хамаатан садан, үр ач зээ, худ ургууд бүгдээрээ Зүүнговь нутагтаа зочлон баяр наадмын арга хэмжээндээ саатан морилохыг урьж байна.
 
Ц.Сүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин