sonin.mn
Өчигдөр МАН-ын бага хурлын гишүүд гэх тодотголтой хэсэг иргэд хэвлэлийн бага хурал хийлгэж, МАН-ыг шинэчлэхийн төлөө шаардлага хүргүүлж байна хэмээн зарласан билээ. Гэхдээ яг үнэндээ бол уг хурлын зорилго нь  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеийн бүхий л алдаа дутагдлыг ганцхан хүнд үүрүүлж, өөрсдөө албан тушаалтайгаа зууралдан үлдэх сонирхолтой хэсэг нөхдийн захиалга байсан нь илт  байлаа. Үүнийгээ ч хурал зохион байгуулагчид нуугаагүй бөгөөд : "МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий менежер Д.Амарбаясгалан нь сонгуулийн үйл ажиллагаанд намын анхан шатны байгууллага болон гишүүд дэмжигчдийнхээ хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилал, шударга зарчмыг баримтлан ажиллаж чадаагүй. Мөн дотоод удирдлагаар хангаж, оновчтой үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргаагүй учраас бид ялагдлаа.
 Иймээс Д.Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр хариуцлагаа хүлээж ажлаа өгөхийг шаардаж байна." гэж байв. Сонирхолтой нь энэхүү шаардлагыг хүргүүлж буй намын гишүүдийг удирдаж буй хүн нь Нийслэлийн МАН-ын дэд дарга М.Ганбаатар байсан юм. Өөрөөр хэлбэл мөнөөх алдарт "60 тэрбумын мөнгө босгох схем" гэгч будлианы эзэн Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Дарга Цэндсүрэнгийн Сандуйгийн албан ёсны орлогч, "баруун гар" нь гэсэн үг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дараа МАН дотор "60 тэрбумын хэрэг" гэгчийг нэгмөр мухарлаж, намынхаа нэр хүндийг цэвэрлэх нь зөв гэсэн уур амьсгал бүрдэж эхэлсэн бөгөөд иймээс нэн түрүүнд Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хариуцлага тооцох нь зүйн хэрэг юм. Хэрэв 60 тэрбумын бичлэг үнэн байсан ч  МАН-ын дарга М.Энхболдын хувьд зөвхөн Ц.Сандуйгийн боловсруулсан гэх төсөлтэй танилцсан л төдий билээ. Судлаач Д.Ганхуяг энэ тухай: "МАН-ын залууст нэг нийтлэг бөгөөд нэн аюултай нэг өвчин байдаг ба энэ нь өөрсдөө толгой нь хүрэхгүй тохиолдолд хүний бэлэн санааг хулгайлан авч түүнийгээ хөөсрүүлэн, лаг гоё болгож, өөрийн хийсэн ажил бүтээл мэтээр дарга нартаа танилцуулж, тэднээс үнэлгээ авах явдал байдаг.
• Ингээд дээрх “өвчний дагуу” М.Энхболдод төлөвлөгөөгөө танилцуулжээ. Тэр өрөөнд 4 хүн байсан ба 3-ыг нь бид таньсан ч нэг нь IT ажилтан гэж нүүрээ далдалсан ба энэ нь мөнөөх Г.Доржзодов болох нь одоо тодорхой байна.
• Мөн бичлэг анх задрах үед М.Өлзий гэсэн нэр гарч байсан ба түүнийг Г.Доржзодовтой хамт бичлэг задалсан гэж ярьж байв. Сүүлдээ М.Өлзий гэгч ор сураггүй алга болсон нь анхаарал маш их татна. М.Өлзий эсвэл Г.Доржзодовт туслаж байсан, эсвэл бичлэг хийснийг мэдэж байсан хүн. Өөр хувилбар байхгүй.
• Г.Доржзодов 2014.07 сард А.Ганбаатартай танилцаж, улмаар Ц.Сандуйтай танилцсан ба 2014.09.08-нд бичлэгээ хийжээ. Ердөө л 2 сарын дотор “тагнуулын IT мэргэжилтэн” МАН-ын хамгийн дээд, дотоод хүрээлэлд шургалж амжсан байна.
• М.Энхболдод “агуу их төлөвлөгөө”-гөө танилцуулж байгаа нь хананд өлгөсөн самбар болон заагуур барьсан А.Ганбаатарын зурагнаас илт харагдана. Өөрөөр хэлбэл М.Энхболд юу ч мэдэхгүй, зүгээр л “танилцаад” сууж байна. М.Энхболд “энэ чинь (схем) зөвхөн хот уу, эсвэл бүгдээрээ юу” гэж асууж байгаа нь тэр даргын хувьд асуудалтай танилцаж байгааг л харуулж байна.
• М.Энхболд ердөө л 2 “алдаа” гаргажээ. Нэг нь “цүнхтэй мөнгө”, нөгөө нь “герман мэргэжилтэн”-ний асуудал. “Цүнхтэй мөнгө” бол нам болгоны нийтлэг зовлон юм. “Герман мэргэжилтэн” бол зүгээр л уулзсан тухай мэдээлэл юм.
• М.Энхболд ярианы эцэст “за ч гээгүй, үгүй ч гээгүй” нь үнэхээр хашир даргын эргэлзээгүй сайн чанар мөн." хэмээн бичсэн юм.  ( Сонгуулийн хэрүүл дундаас ...
 
Харин Ц.Сандуй нарын хувьд уг будлиантай асуудлын хариуцлагаас зугтах ямар ч боломжгүй бөгөөд түүний удаа дараагийн алдаатай, бодлоггүй үг, үйлдлүүд бүхэл бүтэн эрх баригч Монгол Ардын Намын нэр хүнд, улс төрийн цаашдын байрлалтай холбоотой маш муу үр дагаврыг дагуулж буй билээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын үр дүнгээр МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд Нийслэл Улаанбаатар хотод хамгийн бага саналыг авч, ялагдсан юм. Энэ бүхэн нь өнгөрсөн намар анхны цас орох үеэс л эхлэн,  менежерийн ур чадвар тааруу нэгэн болохоо харуулсан Нийслэлийн Засаг дарга Су.Батболд ба түүний багийнханд Нийслэлчүүдийн тавьсан дүн гэж хэлэхэд болно. Иймээс л Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-ын дарга М.Энхболдыг ялагдахад магад хамгийн гол шалтгаан болсон байж мэдэх Нийслэлийн МАН-ын хорооны дарга нар "шударга ёсны төлөө тэмцэгчид", "хариуцлага нэхэгчид"-ийн дүрд тоглох замаар хариуцлагаас мултрахаар шийдсэн бололтой. Гэвч тэдний энэ үйлдэл явуургүй нь тодорхой бөгөөд Нийслэлийн МАН-ын хороо, Нийслэлийн удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зөв гэсэн саналтай гишүүд нь олширсоор байгаа аж.
 
Ч.Явуухүү