sonin.mn
ВАШИНГТОН./TASS/. Олон улсын валютын сангийн /ОУВС/ захирлуудын зөвлөл Грек улсад 1,6 тэрбум еврогийн хэмжээтэй санхүүгийн тусламжийн ээлжит багцыг олгохоор зарчмын тохиролцоонд хүрчээ. Энэ тухай пүрэв гарагт тараасан тус сангийн мэдэгдэлд дурдсан байна.
 
“Эдийн засгийн зохицуулалтын хөтөлбөрийг дэмжих тухай тохиролцоонд зарчмын хувьд хүрлээ. Энэ тохиролцоо нь Грекийн эдийн засгийн хөтөлбөр  хэрэгжиж байгаа гэсэн баталгааг Грекийн түнш Европын орнуудаас гаргаж өгсний хүчин төгөлдөр болно” гэж ОУВС-гийн мэдэгдэлд дурджээ.
 
Тохиролцоог хүчин төгөлдөр болгохын тулд захирлуудын зөвлөлийн хоёрдахь шийдвэрийг батлах ёстой аж.
 
6 дугаар сард ОУВС-ийн захирал Кристин Лагард Грек улсад ээлжит тусламж олгохыг дэмжихийг захирлуудын зөвлөлд  уриалсан юм. Тэрбээр “Грекийн Засгийн газар улс төрийн шинэчлэл хийх чиглэлд томоохон дэвшил гаргасан" гэдгийг онцлон тэмдэглэж байсан юм. Мөн түүнчлэн тус улсын өрийн дарамтыг хөнгөвчлөх чиглэлд дэвшил гарсныг тэрбээр дурджээ.
 
6 дугаар сарын дундуур Европын бүлэг 8,5 тэрбум долларын ээлжит тусламжийг Грект олгох талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн юм. Европын тогтворжуулах механизмын тэргүүн Клаус Реглинг хэлэхдээ "7 дугаар сарын эхээр макро эдийн засгийн тусламжийн эхний хэсэг болох 7,7 тэрбум еврог Грек улс хүлээн авна" гэж мэдэгджээ.
 
Грект туслах одоо хэрэгжиж буй гуравдахь хөтөлбөр энэ оны наймдугаар сард дуусч байгаа боловч Европын бүлэг цаашид ч Афинд тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Учир нь хөнгөлөлттэй санхүүжилт олгохгүйгээр, өрийн бүтцийг өөрчлөхгүйгээр эсвэл дефолтгүйгээр Грек улс одоохондоо бие даан хөрөнгийн зах зээлд эргэн ирэх боломжгүй байгаа ажээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг