sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан билээ. Үүнтэй холбоотойгоор түүнд болоод МАН-ын сонгуулийн төв штабын удирдлагуудад хариуцлага тооцох тухай яриа МАН-ынхны дунд ид өрнөж байна. М.Энхболдын хувьд улс төрийн хариуцлага хүлээж, МАН-ын даргын үүрэгт ажлаасаа огцроно гэдгээ мэдэгдээд байгаа. Тодруулбал тэрээр өөрийн facebook хуудастаа :
"2017.07.08-ны өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн 10 дугаар хурлаар би дараах асуудлыг оруулж хэлэлцүүлсэн.
Үүнд: 
1. Ард түмний сонголтыг хүндэтгэн үзэж, шинэ ерөнхийлөгчийг наадмын өмнө тангараг өргүүлэх, 
2. Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар анализ хийж, дүгнэлт гаргах, 
3. 2017 оны 09 дүгээр сард намын бага хурлыг зарлан хуралдуулах, сонгуулийн үр дүнгийн талаарх дүгнэлтийг хэлэлцэх, намын их хурлыг товлон зарлах, 
4. МАН-ын ээлжит их хурлаар өнгөрсөн 27 дугаар их хурлаас хойших үр дүн, алдаа дутагдлыг авч хэлэлцэх, намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, намын шинэ удирдлагыг сонгох, 2020 оны сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх нь зүйтэй хэмээн санал оруулсныг Удирдах Зөвлөлийн гишүүд дэмжсэн болно." хэмээн бичсэн юм. Гэхдээ тэрээр УИХ-ын даргаараа үргэлжлүүлэн ажиллах бололтой. Учир нь Монгол Улсын Их Хурлын Тухай хуулинд УИХ-ын даргыг  хугацаанаас өмнө чөлөөлөх үндэслэлийг :  "10.2.1. нас барсан;
 
 10.2.2. өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
 
 10.2.3. хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
 
/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
 
 10.2.4. Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
 
 10.2.5. гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан.
 
 10.3. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ." гэжээ.
 
П.Энхмандах