sonin.mn
Олноо "Хас"-ын гэж анхлан танигдсан, Сангийн дэд сайд асан, "Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал, МАН-ын бага хурлын гишүүн Ч.Ганхуяг энэ сарын 17-нд намынхаа удирдлагууд, нийт гишүүдэд хандан, нээлттэй ил захидал илгээсэн билээ. Уг захидалдаа тэрээр : "2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар эрх барьсан гарааны нэг жилийн ажилдаа бид ард түмнээрээ дүнгээ тавиуллаа. Байдаг бүх хүчээрээ зүтгээд нийт сонгогчдын 25 хувь хүрэхгүй санал авна гэдэг нь зөвхөн нэр дэвшигчид тавьсан дүн биш гэдэгтэй маргах хүн гарахгүй байх...2016 оны сонгуульд барьж орсон мөрийн хөтөлбөрөөсөө бид томилгоо хийх эхний мөчөөсөө эхлээд яагаад буцсан юм бэ? Бид энэ сонгуулийн өмнө яагаад татвар, шимтгэлийг нэмэв ээ? Заавал яагаад амлалтнаасаа ухран байж дунд ангийн татварыг нэмж, олон түмний унаалга, алаг үрсийн мөнгө, ахмад насны тэтгэврийг бид оролдох болсон юм бэ? Баг, сум, хороонд яагаад бид алдаад байна? Аймаг, дүүрэг, хотын иргэд бидэнд яагаад итгэхгүй байна? Бид яагаад ялагдав? Өнгөтэй, өөдтэй бүхнээ явуулаад, эрх мэдэл бүхэл боломжоо дайчлаад, мөнгө, амлалтыг цацаад, хараар, элдвээр будаад бид иргэдийнхээ итгэлийг яаж ингэж алдав аа? 60 тэрбумын асуудлыг бид хэзээ нэг тийш нь болгох юм? Намын гишүүд болоод анхан шатны байгууллагын итгэл, идэвхи, сахилга, хариуцлага ямар түвшинд байгаа вэ?" гэх мэтчилэн дурьдаад МАН-ын даргыг нийт гишүүдийнхээ саналаар сонгодог болох санал дэвшүүлсэн юм. Тэгвэл энэ тухай болон бусад асуудлын талаарх түүний ярилцлага өчигдөр "Өдрийн сонин"-д нийтлэгджээ. Хачирхалтай нь түүний ярилцлагад Монголын улс төрийн болоод МАН-ын дотоод асуудалд маш ноцтой дүгнэлт хийж болох олон асуудал хөндөгдсөн байна. Тэдгээрийг хамтдаа дүгнэе.
 
Дүгнэлт 1: Сү.Батболдоос хойш МАН-ын шинэчлэл зогссон
 
Ч.Ганхуяг: С.Батболд намын дарга байхдаа намынхаа удирдлагуудыг Тэрэлжид цуглуулан уулзаж “Тэрэлжийн тунхаг”-ийг гаргаж байсан. Энэ үеэр шинэ үзэл баримтлал, шинэ дүрэм, нэр, зарчмуудыг гаргаж ирсэн. МАХН нэртэй байхдаа МАН-ын нэр тэндээс урган гарч ирсэн. 2012 оны сонгуулиар С.Батболдын Засгийн газар ажлаа өгснөөс хойш буюу Ө.Энхтүвшин, М.Энхболд нар намын дарга байх үеэс хойш энэ шинэчлэл зогсонги байдалд орсон.
 
Дүгнэлт 2 : 60 тэрбумын бичлэг үнэн худал эсэх асуудал нээлттэй хэвээр байна
 
Ч.Ганхуяг: Иргэдийн дунд яригдаад байгаа бүх асуудалд хариултыг өгч эргэлзээг тайлахгүйгээр цаашаа явж болохгүй. Би одоо энд ямар асуудал гэдэг дээр нэр цохож хэлмээргүй байна. Тэгээд ч би үнэн, худлыг нь тогтоодог байгууллага нь биш. Холбогдох тэр мэргэжлийн байгууллагуудаар үнэн. худлыг нь тогтоолгох ёстой.
 
Дүгнэлт 3: Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар  нэр дэвшигч М.Энхболдын эсрэг ажилласан улс төрч, бүлэглэл МАН дотор байсан
 
 
Ч.Ганхуяг : М.Энхболдыг хэн дэгээдэж унагаав. Тэр хүмүүстэй хариуцлагыг тооцох хэрэгтэй.
 
Дүгнэлт 4: МАН Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд оролцохдоо хууль зөрчсөн
 
Ч.Ганхуяг: Сая сонгуульд мөнгө хол явсангүй. Эрх мэдэл, хүчний байгууллага ашиглагдаад ч явсангүй. Засгийн эрхийг барьсан, УИХ-д 65 суудалтай эрх мэдлийг атгасан хүмүүс бүхий л төр засгийн байгууллагуудын хүчийг дайчилж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлаад ч явсангүй. Ний нуугүй хэлэхэд төр захиргааны байгууллагууд, шүүх, хүчний байгууллагууд бүгд сонгуульд ажилласан. Тэгээд ийм дүн тавиулж байна. Тэгэхээр энэ нь болохгүй байгаагийн дохио.
 
Дүгнэлт 5 : Б.Чойжилсүрэн, Н.Баяртсайхан нар ОУВС-тай маш муу хэлэлцээр хийсэн
 
Ч.Ганхуяг: Өнгөрсөн есдүгээр сард татвар нэмэх тухай санал оруулаад ирэхээр нь хувийн хэвшлийн бид хэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзалдаж байж хойш татуулсан. Тэгтэл Сангийн яамнаас зээлийн эргэн төлөлттэй яг тулгаж байгаад дахиад оруулж ирэн хүчээр баталчихсан. Батлуулахдаа Олон улсын Валютын санг барьцаа ахиулах боломжийг нь олгож, Монголын банкны эх үүсвэрээр дамжуулж гаргана гэсэн маргаантай заалт хийж байж барьцаа алдсан. Хэлэлцээрийн ширээний ард буурьтай суурьтай байдлаас хандахгүй бол нөгөө тал барьцаа улам ахиулах нь ойлгомжтой.
 
Дүгнэлт 6: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат,Сангийн Сайд Б.Чойжилсүрэн нар маш муу ажиллаж байна 
 
Ч.Ганхуяг: Олон улсын Валютын сангаас орлогын төрлөө нэмэгдүүл, үргүй зардлаа тана гэсэн болохоос биш дөнгөж бүрэлдэн бий болж буй дунд ангийнхаа татварыг нэмээдэх гэж зөвлөөгүй. Хийдгээ хийгээд гавьяаныхаа амралтад гарах гэж буй хүмүүсийн насыг нэмээдэх гээгүй. Өнөөдөр амьдралд нь арайхийн хүрч буй цалингаас нь тэтгэврийн шимтгэл аваадах гэж захьж хэлээгүй. Эрх баригчид ноолоход амархан гэж үзээд баялаг бүтээгчдийнхээ нуруун дээр ачаа үүрүүлж, ард иргэд хөдөлмөрчдөөсөө шууд хасч танаад эхэлсэн. Улсын төсвийн ямар зардлыг танаад ороод ирэв, татварыг аль хэсгээс нэмэв гэдгийг нь харахаар иргэдийнхээ нуруун дээр ачааг үүрүүлсэн харагдана.
 
Ийнхүү намаа шинэчлэх зорилготой гэх Ч.Ганхуягийн ярилцлагад товчхон логик дүгнэлт хийхэд л  МАН-АН дэглэм хэрхэн ялзарсан хийгээд сонгуульд төр засаг, хууль хүчний байгууллагыг хүртэл дайчлан хууль зөрчиж оролцдог болсон төдийгүй эрх баригч МАН-д ихээхэн гүнзгий зөрчил бодитойгоор оршин байгаа ажээ.
 
"Өдрийн сонин"-ы 7 сарын 18-ны дугаарт нийтлэгдсэн, сэтгүүлч Б.Долзодмаагийн бэлтгэсэн "Ч.Ганхуяг: Сонгуульд оролцсон дарга нар өөрсдөдөө дүгнэлт хийж зайгаа тавих хэрэгтэй" ярилцлагыг дүгнэлтийн ишлэл болгон ашиглав.
 
М.Гал