sonin.mn
ГАБОРОНЕ. /Reuters/. Төвдийн удирдагч Далай ламын  ирэх сард Африкийн өмнөд хэсгийн Ботсвана улсад хийх айлчлалыг цуцлуулах талаар Хятад улс Ботсванагийн засгийн газарт шахалт үзүүлсээр байна.  
 
Ботсванагийн Ерөнхийлөгч Иан Хама ирэх 8 дугаар сарын дундуур тус улсын нийслэл Габоронед болох хүний эрхийн асуудлаарх хуралд Далай ламыг урьсан тухайгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Мөн Далай лам өөртэй нь уулзахаар төлөвлөж байгааг мэдээлжээ.
 
Баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гөн Шуан мэдэгдэхдээ "Далай лам нь Төвдийг бие даасан улс болгохын тулд эдгээр айлчлалуудыг хийж байна" гэжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Далай ламын Хятадыг хуваах зорилготой хийж байгаа бүх айлчлал болон өөр ямар нэгэн улстай холбоо барих оролдлогуудыг БНХАУ албан ёсоор эсэргүүцэх болно” гэжээ.
 
Сүүлийн жилүүдэд Африк тив дэх Хятадын эдийн засгийн нөлөө нь хурдацтай өссөөр байгаа юм. 
 
Ботсванагийн Хятад улстай тогтоосон эдийн засгийн харилцаа гүнзгийрч байгаа нь Хятадын компаниуд цахилгаан станц зэрэг дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийж байгаатай холбоотой. Гэхдээ Ботсванагийн засгийн газар байнга Хятадыг дэмждэггүй юм.  Өнгөрсөн онд Өмнөд Хятадын тэнгист үүссэн нутаг дэвсгэрийн маргаантай холбогдуулан Ботсвана улс Хятадыг шүүмжилж байв. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг