sonin.mn
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөсөн өдрөө анхны зарлигаа гаргаж Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар АН-ын дарга асан З.Энхболдыг томилсон билээ. Олон нийтийн зүгээс шинэ Ерөнхийлөгч "хэн хэнийг" зөвлөхөөрөө томилох вэ гэдгийг анхаарал тавин хүлээж буй нь эргэлзээгүй.  "Мэргэжлийн Засгийн газар" байгуулна гэж амлаад "Мэдлэггүйчүүдийн Засгийн газар" байгуулсаных нь хариуд ард түмэн Монгол Ардын намд хатуухан хариу Ерөнхийлөгчийн сонгуулиар барьсаныг мартах ёсгүй юм.
 
Хуулиар Ерөнхийлөгчийн зөвлөхүүд нь "дэд сайдын нэгэн адил цалин, ажлын нөхцлөөр хангагдана" гэж заасан байдаг.  Хэнийг, ямар чиглэл хариуцсан зөвлөхөөр томилох нь Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны цаашдын чиглэл тодорхой болох нь дамжиггүй.  БНХАУ-тай харилцах харилцааг нэн яаралтай тодорхой болгож, ойр дотно харилцах үүднээс Гадаад бодлогын зөвлөхөөр БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатарыг томилох тухай яриа наадмын өдрүүдэд гарсан. Хэрэв тийм бол прагматик, зөв шийдвэр болох болно хэмээн улстөрийн хүрээнийхэн ярилцаж байна. Харин, хахир хатуу зангаараа алдаршсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой энэ тэнцүү, эв зүйгээ олоод ажиллах улстөрчид Ардчилсан намд цөөхөн. Ямартай ч нэн тэргүүнд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нарыг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилаасай хэмээн Ардчилсан намын гишүүд ил цагаан хүсч байгаа бололтой.  Монгол Улсын Ерөнхийлөгч дараах чиглэлүүдийг хариуцсан зөвлөхүүд томилоно. 
 
 
-Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх 
 
-Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх
 
-Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх 
 
-Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх 
 
-Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх
 
- Гадаад бодлогын зөвлөх
 
-Аюулгүй байдлын зөвлөх 
 
-Батлан хамгаалах бодлогын зөвлөх
 
Э.Сүрэн