sonin.mn
КАРАКАС./TASS/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн улс төрийн өрсөлдөгчид ням гарагт тус улсад бүх нийтийн санал асуулга явуулж эхэлж байгаагаа зарлан мэдэгджээ. Сөрөг хүчний удирдагчдын нэг болох Энрике Каприлес Twitter хуудсандаа бичсэнийг үзвэл, санал хураах байрууд хилийн чанадад мөн ажиллаж байгаа аж.
 
Венесуэлийн иргэд дараах асуултанд хариулах ёстой юм: “Венесуэлийн ард түмнээс санал авалгүйгээр Николас Мадурогийн санал болгож буй Үндсэн хуулийн Ассамблейг хуралдуулахыг та дэмжиж байна уу эсвэл хүлээн зөвшөөрөхгүй байна уу?”, “ 1999 оны Үндсэн хуулийг дагаж мөрдөх, хамгаалах мөн Үндэсний Ассамблейн шийдвэрийг дэмжихийг та Үндэсний Боливарын зэвсэгт хүчнээс шаардаж байна уу?”, “Үндсэн хуулийн дагуу засгийн эрх барих байгууллагуудад шинэчлэл хийх мөн түүнчлэн сонгууль явуулах, Үндэсний эв нэгдлийн шинэ засгийн газар байгуулахыг та зөвшөөрч байна уу?”.
 
Венесуэлийн нутаг дэвсгэр дээр бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулахын тулд нийт 2030 санал авах байр, хилийн чанадад 505 байрыг бэлтгээд байгаа аж. Бүх нийтийн санал асуулгад тус улсын 18 ба түүнээс дээш насны иргэд оролцох юм. Санал авах байрууд орон нутгийн цагаар 16:00 хүртэл ажиллах аж.
 
Бямба гарагт Н.Мадуро дээрх бүх нийтийн санал асуулгыг “сөрөг хүчний намуудын дотоодын санал асуулга” гэж нэрлэжээ. Бүх нийтийн санал асуулгыг Үндэсний сонгуулийн зөвлөлөөс зарлан хуралдуулах ёстой байдаг, ингэсэн тохиолдолд санал асуулга хууль ёсны болно гэж тэрбээр хэлжээ. Сөрөг хүчний намуудаас зохион байгуулж буй санал асуулгад тэрбээр оролцохгүй аж. Парламентад олонх болж буй сөрөг хүчний намуудын үзэж байгаагаар, эрх баригчид бүх ард түмний санал асуулгын дүнг хүндэтгэх ёстой.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг