sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ.
 
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр товлоод байгааг танилцуулав. Хэлэлцэж асуудалтай холбогдуулж гишүүдээс ямар нэг санал гарсангүй.
 
Үүний дараа Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн эцсийн дүнг танилцуулсан. Тэрбээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгогчдын дийлэнх олонхийн саналыг авсан бөгөөд энэ тухайд өчигдөр УИХ-д албан ёсоор уламжилсан гэдгээ хэллээ.
 
СЕХ-ны даргын танилцуулгын дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд байнгын хорооны дүгнэлтийг танилцуулсан. Тус байнгын хорооны хуралдааны үеэр хоёр Ерөнхийлөгч ажлаа хүлээлцэхдээ тодорхой хугацаанд ажил шилждэг байх санал гарч байсан гэв. Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, тайлбар авсан юм.
 
УИХ-ын гишүүн А.Сүхбат: -Энэ удаагийн сонгууль ямар муухай болж өнгөрөв. Дараагийн сонгуулиуд ийм жишгээр болох уу. Цаашдаа ард иргэдээ хүндлэх хэрэгтэй. Шударга сонгууль болсон эсэх дээр Ч.Содномцэрэн дарга хариулт өгөх үү?
 
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: -Сонгууль хүчин төгөлдөр болсон. Эхний санал хураалтаар хэн ч олонхийн саналыг аваагүй. Иймээс хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгууллаа. Сонгуулийн байгууллагад 25 мянган төрийн албан хаагчид хуулийн дагуу ажилласан.
 
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: -Энэ жилийн сонгууль олон юмны анхдагч боллоо. Хоёр дахь шатны сонгуулийг анх удаа зохион байгууллаа. Анх удаа хар хөө бие бие рүүгээ цацлаа. Сэжигтнээр татагдсан хүн төрийн тэргүүн боллоо. Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай юу, парламентын засаглалтай юу гэдэг нь тодорхойгүй болсон. Иймд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй.
 
УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат: -СЕХ яагаад 7 дугаар сарын 9-нд хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгуулна гэж байснаа 7 болгож өөрчилсөн бэ. Энэхүү шийдвэрийг гаргахад танай хорооны хэдэн гишүүн хуралдаанд байсан бэ. Эхний шатны сонгуулийн маргаан дуусаагүй байхад дахин санал хураалт явууллаа гэж гадны ажиглагчид дүгнэсэн байсан. 
 
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:  -Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэр гаргах гол хэлбэр нь хуралдаан нь байна. Хуралдааны шийдвэрт дарга, нарийн бичиг гарын үсэг зурж баталгаажуулна гэж хуулинд заасан. Энэ дагуу шийдвэр гарсан. Бидэнд 600 гаруй гомдол мэдээлэл ирсэн. Шүүхэд шилжүүлээд явж байна.
 
УИХ-ын гишүүн Г.Занданшатар: -Олон улсын ажиглагчид сонгууль хууль эрх зүйн тодорхойгүй орчин болж өнгөрлөө хэмээн дүгнэсэн байсан. Үүнд тайлбар өгнө үү?
 
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: -Үндсэн хуульд хоёр дахь шатны сонгууль явуулна гэж холбогдох хуулинд заасан байдаг.
 
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: -Сонгуулийн явцад хууль, эрх зүйн тодорхой заалтууд байна. Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгууль явуулдаг хуулийг өөрчлөхөөр ярьж байсан ч татсан. Тус хуулийг хэлэлцэх шаардлага байжээ гэдгийг санал хураалтууд харууллаа.
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Ерөнхийлөгчийг 60 наснаас, УИХ-ын гишүүнийг 40 наснаас сонгуульдаг байх хэрэгтэй. Мөн сонгуулиар хураагдсан мөнгийг улсын төсөвт хураах биш,  улсын цэцэрлэг болгоё гэсэн саналтай байгаагаа хэлэв.
 
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
 
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг