sonin.mn
Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 514172 санал буюу нийт санал өгсөн сонгогчийн 38.1%, Монгол Ардын намаас нэр дэвшигч М.Энхболд 410159 санал буюу 30.3%, Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч С.Ганбаатар 409037 санал буюу нийт санал өгсөн сонгогчийн 30.19%-ийн саналыг авсан билээ. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь шатны  дахин санал хураалт 7 дугаар сарын 7-ы өдөр болохоор товлогдсон. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн өрсөлдөөнөөс хасагдсан нэр дэвшигч С.Ганбаатар, түүнийг дэвшүүлсэн Монгол Ардын Хувьсгалт Нам М.Энхболд, Х.Баттулга нарын хэнийг дэмжиж, оролцох нь одоогоор тодорхойгүй байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр орой МАН-ын дарга, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдтой уулзаж, санал солилцсон аж. Гэхдээ МАХН  М.Энхболд, Х.Баттулгын хэнийг нь дэмжихээ эцэслэн шийдээгүй байгаа бололтой. МАХН-ынхны хувьд С.Ганбаатар саналаа луйвардуулсан гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд үүнийг эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү:  "Ерөнхийлөгчийн сонгуулийн 2-р шат буюу дахин санал авахад нэр дэвшигч С.Ганбаатар орох естой.
Монгол Ардын нам, М.Энхболд луйвар хийсэн.
Нийт 1,318,511 хүн санал өгснөөс 18,653 саналын хуудас хүчингүй болсон гэвэл 
1,318,511-18,653=1,299,948 саналын хуудас хүчинтэй болно. 
Гэтэл нэр дэвшигчид авсан санал нь:
516,784+410,622+409,718=1,337,124 болоод явчихлаа. Зөрүү нь:
1,337,124-1,299,948=37,176 санал хаанаас гараад ирэв?" хэмээн тайлбарласан юм. Мөн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян: " Бид бүх хяналтын үйл ажиллагааг дуусгана. Сонгуулийн хэсэг, тойргийн хороод дээр нэлээд олон будлиан гарсан. Мөнгө тараасан нь  баригдсан. Нотолгоо нь бий.  Тэр  бүх будлиануудыг бүх шатны  шүүхийн  байгууллагаар шийдвэрлүүлнэ  гэж бодож байгаа.   Болсон үйл явдал үнэхээр сонгогчдын саналд нөлөөлөхүйц байвал сонгууль өөрөө дахих ёстой.  Жишээ нь МАН нь юм уу, АН нь юм уу  мянгаас  илүү олон  хүнд  мөнгө тараасан байвал тэр нь өөрөө гэмт хэрэг байхгүй юу. Яагаад гэвэл  сонгогчид  манай намд саналаа  өгөх байсан ч юм билүү. Саналын тоо  1000-аар зөрөхөд л  асуудал тодорхой болно. Иймэрхүү будлиантай зүйлийг шалгуулна гэж бодож байгаа." хэмээн , С.Ганбаатарын саналыг луйвардсан гэх асуудлыг мухарлахын төлөө эцсээ хүртэл явна гэдгээ илэрхийлсэн аж.
 
П.Энхмандах