sonin.mn
ТОКИО./TASS/.  Японы Өөрийгөө хамгаалах хүчин нийслэлийн хууль тогтоох хурлын сонгуульд эрх баригч Либерал-Ардчилсан намын нэр дэвшигчийг дэмжиж байгаа тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Томоми Инада олон нийтэд ил тод зарлажээ. Энэ нь Засгийн газрыг тойрсон дуулиан шуугиан дэгдэхэд хүргэсэн байна.
 
Сайд хэлсэн үгээ залруулсан боловч сөрөг хүчний намынхан түүнийг албан тушаалаасаа нэн даруй огцрохыг шаардсаар байгаа юм. 
 
“Сайдын мэдэгдэл нь эрүүл ухаанд багтамгүй зүйл, ийм учраас тэрбээр нэн даруй албан тушаалаасаа огцрох ёстой” гэж сөрөг хүчний гол нам болох Ардчилсан намын тэргүүн Рэнхо лхагва гарагт мэдэгджээ. Батлан хамгаалахын сайдаар Инадаг томилсны хариуцлагыг Засгийн газрын тэргүүн Шинзо Абэ хүлээх ёстой гэж тэрбээр үзэж байгаа аж.
 
Дуулиан дэгдэх шалтгаан нь Т.Инада Токио хотын Итабаши дүүрэгт Либерал-Ардчилсан намын нэр дэвшигчийг дэмжин үг хэлсэн явдал байлаа. Сайд хэлэхдээ ”Батлан хамгаалах яам, Өөрийгөө хамгаалах хүчин, Либерал-Ардчилсан намын нэрийн өмнөөс тус намын нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхийг" сонгогчдод уриалжээ. Ингэж уриалсан нь сөрөг хүчнийхний үзэж байгаагаар, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, тэр дундаа Батлан хамгаалах яамны хувьд улс төрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг алдагдуулж байгаа явдал болжээ. Төрийн байгууллагын албан хаагчид улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг хуулиар хориглосон байдаг аж.
 
Дээрх дуулиант үгийг хийснийхээ дараа сайд Т.Инада тайлбар хийхдээ "ийм маягаар би цэргийн ангиас холгүй оршдог дүүргийн оршин суугчдад талархлаа илэрхийлэхийг хүссэн юм. Буруу ойлголт төрүүлэхээс зайлсхийхийн тулд би хэлсэн үгээ буцааж байна” гэж мэдэгджээ. Батлан хамгаалахын сайд огцрох шаардлага байхгүй, учир нь тэрбээр өөрийн хэлсэн үгээ буцааж, уучлал хүссэн гэж Засгийн газрын эх сурвалж Kyodo агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
 
Японы хэвлэлүүдэд бичиж байгаагаар, Батлан хамгаалахын сайдын санамсаргүйгээр гаргасан алдаа нь Ерөнхий сайд Шинзо Абэ найзынхаа бизнесийн төслийг дэмжсэн гэх шүүмжлэлд өртөөд байгаа үед Засгийн газрын нэр хүндийг улам унагасан хэрэг болж магадгүй юм.
 
Т.Инада ч гэсэн өөрөө сөрөг хүчний зүгээс нэг бус удаа шүүмжлэлд өртөж байжээ. 6 дугаар сарын дундуур “Yomiuri” сонинд "Ерөнхий сайд 8 дугаар сарын сүүлчээр Засгийн газартаа хөдөлгөөн хийхээр төлөвлөж байгаа" тухай мэдээлсэн байна. Сайд Т.Инада албан тушаалдаа үлдэх эсэх нь одоогоор  тодорхойгүй байгаа юм.
 
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг