sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ 60  жилийн түүхтэй “Сүү” ХК  зургаан   тэрбум  төгрөгийн үнийн дүн бүхий нэг жилийн хугацаатай  жилийн 17.5 хувийн хүүтэй “Сүү бонд” -ыг санхүүгийн зах зээлд  гаргаснаа зарлан цан цохисноор  Хөрөнгийн биржид арилжаа эхэллээ.
 
Арга хэмжээг СЗХ-ны дарга С.Даваасүрэн нээж хэлэхдээ, “ Дэлхийд 400 жилийн өмнө бирж дээр анхны хувьцаа арилжиж байсан түүхтэй. Хөрөнгийн зах зээл хөгжих үйл явц нь манай улсын санхүүгийн салбарыг олон тулгууртай болгох, аж ахуйн нэгжүүд хөрөнгө мөнгө босгож, хөгжихийн эхлэл боловч өнгөрсөн 20 жилд арав гаруй компани хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргасан ч төдийлэн үр өгөөжтэй байж чадсангүй. Харин өнөөдөр манай томоохон аж ахуйн нэгжийн нэг Сүү ХК хувьцаагаа гаргаж байгааг бид дэмжин ажиллана” гэлээ.
 
Мөн үеэр “Сүү” ХК-ийн  ТУЗ-ийн дарга Д.Ганбаатар: Бид улсынхаа сүү, цагаан идээний зах зээлийн 48 хувь, шингэн сүүний  83 хувийг хангаж байна. МХБ-ийн нэгдүгээр ангиллын долоон компанийн  нэг  Сүү ХК  1000 орчим хувьцаа эзэмшигчтэй бөгөөд  удахгүй 10 мянган хувьцаа эзэмшигчтэй болж, илүү  үр өгөөжтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн  ярив.
 
100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ  бүхий “Сүү” бондын арилжиж олсон хөрөнгийг үйлдвэрлэлийн шинэ төрлийн савлагааны шугам нэвтрүүлэх, фермерийн аж ахуйг хөгжүүлэх, гадны зээлийн дахин санхүүжилтэд зарцуулах юм байна.
 
Бондын үндсэн андеррайтер буюу арилжаалагчаар “Голомт капитал ҮЦК” ХХК,  туслах арилжаалагчаар “Тэнгэр капитал ҮЦК” ХХК, “Ард капитал групп ҮЦК” ХХК –ууд ажиллах бөгөөд тус бонд нь хүү өндрөөс гадна барьцаа хөрөнгө  гаргаж буй бондоос өндөр дүнтэй учир санхүүгийн эрсдэл бага гэдгийг албаныхан онцлов.
 
Б.Зоригт
Эх сурвалж: Монцамэ агентлаг