sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өрсөлдөөнтэй, эмх журамтай, зохион байгуулалт сайтай болсон хэмээн олон улсын ажиглагчид дүгнэжээ.
 
Энэ талаар өнөөдөр ЕАБХАБ-ын Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики, Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос, Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, Элчин сайд Гээрт Хинрич Аренс болон Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене нар мэдээлэл хийв.
 
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ажиглахаар ЕБХАБ-ын гишүүн 16 орны 22 төлөөлөгч таван долоо хоногийн хугацаанд Монгол Улсад ажилласан байна. Ажиглагчид нь энэхүү сонгууль хуулийн дагуу, ардчилсан зарчмаар явагдаж чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийх зорилготой байсан гэдгийг ЕБХАБ-ын Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос мэдээллийн эхэнд хэллээ. Мөн тэрбээр сонгуулийг ажиглагчид өндөр сэтгэгдэлтэй байсныг дурьдсан юм. Харин зарим хэсгийн хороодод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал өгөх орчин, нөхцлийг бүрдүүлж чадаагүй байсныг шүүмжлэв.
 
ЕАБХАБ-ын Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики, “СЕХ сонгуулийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу сайн зохион байгуулсан. Гэхдээ шүүхүүд дээр нэр дэвшигчидтэй холбоотой хэргүүдийг шалгаж байгаа тул иргэдэд сонголтоо хийхэд ихээхэн эргэлзээ төрүүлж байлаа. Нэр дэвшигч хуулийн дагуу ялалт байгуулж, албан тушаалаа авсан гэсэн итгэлийг сонгогчдод төрүүлэх ёстой байсан юм. Улс төрч хүний хувьд хэлэхэд энэ бол хамгийн том асуудал гэж харагдаж байлаа. Гэсэн хэдий ч сонгууль нээлттэй боллоо. Удахгүй хоёрдугаар шатны санал хураалт болно. Тиймээс энэхүү санал хураалтыг амжилттай зохион байгуулахад олон нийт эрх бүхий байгууллагуудтайгаа хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.
 
Сонгуулийн санхүүжилт ил тод бус байсныг Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене дурьдлаа. Мөн СЕХ болон бусад холбогдох байгууллагууд залуусыг санал хураалтад идэвхтэй оролцуулах чиглэлд СЕХ болонтөрийн байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалсан юм.
 
ЕБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, Элчин сайд Гээрт Хинрич Аренс, “Сонгуулийн сурталчилгаа таагүй үйл явдлуудаар дүүрэн байсан. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч нэг нэгнээ авлига авсан эсхүл гэмт үйлдэл хийсэн мэтээр гүтгэх тохиолдол байсан. Энэ нь иргэдийг сонголтоо хийхэд эргэлзээ төрүүлж байсан юм” хэмээв.
 
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг