sonin.mn
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын засаг захиргаа Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт Цагаан ордонд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендру Модиг хүлээн авч уулзах үеэрээ онцлон тэмдэглэжээ.
 
НҮБ-ын бусад гишүүн орнуудын хамтаар Энэтхэг улс Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийн дагуу Умард Солонгосын дэглэмийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авахын төлөө байгаа явдалд Д.Трамп Энэтхэгийн Ерөнхий сайдад талархлаа илэрхийлсэн байна.
 
“Умард Солонгосын дэглэм маш их асуудал үүсгэж байна, үүний учрыг олох хэрэгтэй. Олох олохдоо ойрын үед олох шаардлагатай байна” гэж АНУ-ын засаг захиргааны тэргүүн мэдэгджээ.
 
АНУ-Энэтхэгийн дээд хэмжээний уулзалтаар хоёр орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Умард Солонгосын зүгээс хийсээр буй өдөөн хатгалгыг эрс зэмлэн буруушааж, Пхеньяны цөмийн болон пуужингийн туршилтууд нь бүс нутаг, дэлхий дахинд ноцтой аюул занал учруулж байгааг онцлон дурджээ. Үүний сацуу олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хэлбэрэлтгүй даган биелүүлэхийг Умард Солонгост уриалсан байна.
 
Д.Трамп, Н.Моди нар үй олноор устгах зэвсэг болон түүнийг зөөгч хэрэгслүүдийг үйлдвэрлэх хөтөлбөрийн эсрэг, Пхеньяны ийм оролдлогыг “дэмжигч талууд”-ыг хариуцлагад татахын тулд хамтран ажиллахаар тохиролцжээ.
 
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг