sonin.mn
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын зүгээс Австралид радиоэлектроник, агаарын тагнуулын иж бүрдэл төхөөрөмжөөр тоноглогдсон 5 хүртэлх тооны “Gulfstream” нисэх онгоц, мөн Энэтхэгт C-17 цэргийн тээврийн нисэх онгоц нэгийг нийлүүлэхээр болсон байна. Энэ тухай даваа гарагт АНУ-ын Батлан хамгаалах яамны бүтэц дэх нэгэн удирдах газар мэдээллээ.  
 
Пентагоны мэдэгдсэнээр, Австралитай хийсэн гэрээ нь 1,3 тэрбум долларын өртөгтэй бол Энэтхэгт нийлүүлэх зэвсэг техникийн үнэ 355,2 сая доллар болж байгаа аж.
 
Уг гэрээг хэрэгжүүлэх зөвшөөрлийг хуулийн дагуу АНУ-ын Төрийн Департамент олгодог ба зохих зөвшөөрлийг өгсөн байна. АНУ-ын Засаг захиргаа дээр дурдсан техникүүдийг Австрали болон Энэтхэгт экспортлох шийдвэр гаргаснаа АНУ-ын Конгресст албан ёсоор мэдэгдсэн аж.
 
Харин Конгресс уг гэрээг судалж үзээд, батлах эсэхээ 30 хоногийн дотор шийдэх ёстой юм. Пентагоны мэдэгдсэнээр, эдгээр гэрээ хэлцлүүд нь бүс нутаг дахь хүчний тэнцвэрийг өөрчлөхгүй ба АНУ-ын үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хангахад тус дөхөм болох ажээ.
 
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг