sonin.mn
УЛААНБААТАР. /Nikkei/. Даваа гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн хэн нь ч ялалт байгуулахад шаардлагатай олонхын санал авч чадаагүй учир Монгол Улс түүхэндээ анх удаагаа сонгуулийн санал хураалтыг дахин явуулахаар боллоо.
 
Монголын СЕХ-ноос гаргасан урьдчилсан дүнгээс үзвэл, сөрөг хүчний АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга 1.3 сая гаруй сонгогчийн 500 мянгынх нь саналыг авснаар тэргүүлсэн байна.
 
Хуульд заасны дагуу хоёр долоо хоногийн дотор болох ёстой дахин санал хураалтад хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөх юм. Өчигдрийн сонгуулийн дүн өнөөдөр илүү тодорхой болно.
 
Х.Баттулга “Монгол ялна” гэсэн үндсэрхэг уриалга дэвшүүлэн залуучуудын цөсийг хөөргөснөөр нөгөө хоёр нэр дэвшигчээ хошуучиллаа. Дахин санал хураалтад идэвхтэй оролцохыг тэрбээр урьд шөнө хэвлэлийн бага хурал хийх үеэрээ залуучуудад уриалсан юм.
 
Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн бөгөөд нэртэй бизнесмэн Х.Баттулга нь Зүүн Азийн энэ улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар мөн ажиллаж байсан юм. Баялгийн хувийг ард иргэдэд хүртээж, баялгийн орлогыг ашигтайгаар зарцуулна гэж тэрбээр амлаж байв.
 
Эрх баригч МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг сонгуульд ялах магадлалтай гэж ажиглагчид үзэж байв. Гэхдээ тэрбээр Х.Баттулгын ард орлоо.
 
Энэ сонгууль бол нийгэм ба эдийн засгийн асуудал бөгөөд Монголын төсвийн алдагдлыг багасгах шийдлийг олох гарц юм гэж М.Энхболд өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ цохон тэмдэглэж байв. Гэхдээ түүнийг Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа хууль бусаар газар наймаалсан, мөн өнгөрсөн бямба гарагт нэр дэвшигчдийн хооронд явуулсан мэтгэлцээний үеэр Энхболдод илт тал зассан асуултуудыг тавьж байсан гэж олон хүн үзэж байна.
 
Тэгвэл С.Ганбаатар “Монголын ард түмний тусын тулд Монголын ашигт малтмалыг ашиглахад бид анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэж даваа гарагт цохон тэмдэглэсэн юм. 
 
Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн нь ирэх дөрвөн жилийн хугацаанд Монголын зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ажиллах бөгөөд парламентын баталсан хуульд хориг тавих эрх эдэлнэ.
 
Нэр дэвшигчид нь улс төрийн мэтгэлцээн гэхээсээ илүүтэйгээр сөрөг PR хийхэд гол анхаарлаа хандуулж байсан учраас олон хүн энэ оны сонгуульд сонгочихоор хүн нэр дэвшсэнгүй гэж үзэхэд хүрсэн байна.
 
http://asia.nikkei.com/Politics-Economy/Policy-Politics/Mongolia-to-hold-runoff-presidential-election
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг