sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Лалын ариун Рамадан сар дуусч буйг тэмдэглэн оройн зоог барьдаг, бараг 20 жил мөрдөгдсөн уламжлалыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эвдлээ.
 
Ерөнхийлөгч Билл Клинтоны засаг захиргааны үеэс буюу 1999 оноос хойш Цагаан ордонд энэ арга хэмжээг жил бүр зохион байгуулсаар ирсэн юм.
 
Лалын шашинтнууд мацаг барьж, буяны үйлс хийхэд анхаарлаа хандуулдаг Рамадан сар дууссаныг тэмдэглэн “Ид аль-Фитр” хэмээх оройн зоог барих ёслолыг зохион байгуулдаг байна.
 
Харин энэ арга хэмжээг зохион байгуулахыг хүссэн Төрийн департаментын Шашин ба дэлхийн асуудал хариуцсан газрын саналыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон хүлээн авахаас татгалзсан аж.
 
Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр лалын шашинтнуудыг нэг бус удаа шүүмжилж, АНУ дахь лалын шашны сүмүүдэд тавих хяналтыг  чангатгахыг уриалж байсан билээ.
 
Гэхдээ тэрбээр өчигдөр мэдэгдэл хийхдээ “Мелания бид хоёр “Ид аль-Фитр”-ийг тэмдэглэж буй лалын шашинтнуудад Америкийн ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна” гэжээ.
 
Мөн Р.Тиллерсон “Дэлхийн өнцөг булан бүрт буй лалын шашинтнуудад бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүсье!” гэсэн товч мэндчилгээ дэвшүүлсэн байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг