sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдөр Булган, Сэлэнгэ хоёр аймагт түймэр гарч байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.
 
Тодруулбал, Булган аймгийн Тэшиг сум, Эг-Тарвагатайн бэлчир гэдэг газар гарсан түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 63 алба хаагч, орон нутгийн 29 иргэн, нийт 142 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа бол Хутаг-Өндөр сум, Хайлааст нуга гэдэг газар ассан түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 23 иргэн, нийт 47 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байгаа аж.
 
Сэлэнгэ аймгийн Ерөө сум Арцат  уулын орчим энэ сарын 17-нд ойн түймэр гарсан ч одоог болтол бүрэн унтрааж чадаагүй байна. Түймрийг унтраахаар ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 11 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын зургаан ажилтан, орон нутгийн 17 хүн, нийт 110 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг