sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр гэргий Д.Тунгалагийн хамт Баянзүрх дүүргийн 1731 дүгээр хэсгийн хороонд очиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд санал өглөө.
 
Тэрбээр санал өгөх үедээ, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль болж байна. Өнөөдөр Монгол түмэн тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын иргэн гэдгээ илэрхийлэж, тав дахь Ерөнхийлөгчөө сонгоно.
 
Монгол Улсын хөгжлийн төлөө Засгийн газраас олон тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд эдийн засагт  нааштай өөрчлөлт гарсаар байгаа. Монголын ард түмэн энэхүү өөрчлөлтийг баталгаажуулах сонголт хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Төр нь түвшин, түмэн олон минь амгалан байх болтугай” гэлээ.
 
Сонгуультай холбогдуулан төрийн албан хаагчид руу чиглэсэн гүтгэлгийн чанартай мэдээлэл гарах болсныг Ерөнхий сайд хэлээд, “Тангараг өргөсөн төрийн албан хаагч ажил үүргээ хариуцлагатай биелүүлсээр ирсэн. Тиймээс ажлаа хийж буй төрийн албан хаагчид руу чиглэсэн гүтгэлгийн чанартай мэдээ, мэдээлэл гаргахгүй байхыг зарим улс хүчнүүдээс хүсч байна” гэв.
 
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг