sonin.mn
Сонгогч та саналаа зөөврийн битүүмжилсэн хайрцгаар эсхүл санал авах байранд өөрийн биеэр өгөх боломжтой.
 
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх
 
Дараах сонгогчид нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгнө. Үүнд:
 
Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй;
Нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа;
Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;
Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон
Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал
 
Санал авах байр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг хүлээн авч тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг шалгаж зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг гаргаж, санал авах чиглэл, хуваарийг гарган сонгогчийн саналыг тухайн санал авах байрын хоёроос доошгүй төлөөлөл гишүүн оршин байгаа газарт нь очиж авна.
 
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.
 
Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө биечлэн өгөх
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөр 2017 оны 6 дугаар сарын 26-ний даваа гариг байна.
 
Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь бүх нийтээр амарна. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.
 
Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах; 
соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах; 
гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах зэрэг үйл ажиллагааг хориглоно.
 
Санал өгөх:
 
Сонгогч та саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ очих бөгөөд гарын хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хубилбартай тохирч байгаа эсэхийг шалгуулаад сонгогчийн бүртгэлийн хуудсаа авна.
 
Бүртгэлийн хуудас хүлээн авсан сонгогчид саналын хуудсыг саналын хуудасны хавтасны хамт өгнө.
 
Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшичгийн нэрийн өмнөх улаан хүрээ бүхий зууван дугуйг зориулалтын үзгээр дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.
 
Сонгогч дээр дурдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг хавтсанд хийн санал тоолох төхөөрөмж рүү очих бөгөөд саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид уншуулахдаа хавтаснаас нь салган авч хийгээрэй.
 
Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж/саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжийг хуулиар олгожээ.
 
Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болдог.
 
Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан, ажиглагч нь итгэмжлэгдсэн хүн байж болохгүй.