sonin.mn
Нийслэлийн засаг дарга асан, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлийг улс төрийн хүрээнд зарим хүмүүс "Солигдмол Үүл" гэж шоглож, нэрлэх нь бий. Энэ нь түүний улс төрийн байр суурь өөрчлөгдөж, хувирч байдагтай нь холбоотой хоч юм. Өнгөрсөн 27 жил түүний хэлж, ярьж байсныг харьцуулж үзвэл түүнд улс төрийн тогтсон үзэл бодол ер нь байдаг эсэхэд эргэлзмээр. Хамгийн сүүлийн хэдэн жилийн жишээг дурьдья. Э.Бат-Үүл 2016 оны хавар "Монгол бол АНУ-д гайхуулж болох пост модерн ардчилсан нийгмийг цогцлоосон" гэж байсан бол мөн оныхоо намраас "Монголд ардчилал биш олигархийн нийгэм тогтсон" гэж ярих болсон билээ. Мөн С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татагдах үедээ Ц.Элбэгдорж, МАН-ынхныг илт шүүмжилж, хэргээс мултармагцаа "С.Зоригийн хэрэг илэрсэнд маш их баярлаж байна. Ц.Элбэгдоржид баяр хүргэсэн" гэж ярьж байв. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль эхлэх үед : "Би  энэ Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг ч дэмжихгүй байгаа. Бойкотол гэж байгаа. Ардчиллаас дарангуйлал руу шилжсэн Турк зэрэг улсууд одоо үүнийг хууль ёсны болгосондоо амаа бариад сууж байна." хэмээн өгүүлж байсан ч мөн л сурсан зангаараа байр сууриа өөрчилжээ.  Өдгөө Э.Бат-Үүл  " ...цэргийн коммунист, Сталин, Гитлерийн сүнсийг босгож ирэгч..." хэмээн доромжилж байсан Х.Баттулгаа дэмжин, АН-ын сонгуулийн штабт ажиллах болсон байна.
 
Б.Дэлгэр