sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Замын цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид их хэмжээний бэлэн мөнгө ачсан автомашин саатуулан шалгаж эхэлсэн талаар өнөөдөр Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Харин уг мэдээлэлд АН-ын удирдлагууд тайлбар хийв.
 
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Манай намаас баруун аймгуудын ухуулагч, сурталчилгааны ажилтнуудын цалинд олгохоор зориулан явуулсан байсан мөнгийг АН-аас сонгогчдод санал худалдан авах зорилгоор тараах гэж байсан мэтээр цагдаагийн байгууллага  хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо. Аливаа асуудлыг шүүхээр гэм бурууг нь эцэслэн тогтоогоогүй байхад зарлаж, зөв бурууг тогтоох эрх хэнд ч байхгүй. Цагдаагийн байгууллага нийгмийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх үүрэгтэй. Гэтэл өөрийн зам мөрөөр ажлаа хийгээд явж байсан АН-ын ухуулагч, сурталчилгааны ажилчид, холбогдох албан тушаалтнуудыг саатуулаад машинд нь дур мэдэн үзлэг хийж, ухуулах сурталчилгааны материал, зардал мөнгийг хурааж, түүнийгээ АН тараах гэж байсан гэх мэтээр зарлаж байгаа нь улс төржсөн цагдаагийн байгууллага болжээ гэж хэлэхээс өөр арга алга. Тийм учраас Цагдаагийн байгууллагаас хийсэн энэ мэдэгдэл, явуулгыг эрс няцааж, увайгүй үйлдлээ таслан зогсоохыг цагдаагийн удирдлагуудаас хатуу шаардаж байна. Хэрэв таслан зогсоохгүй бол улс төрийн шат дараалсан тэмцэл, арга хэмжээ авахаа хариуцлагатай мэдэгдье. Үүнээс үүдэн гарах аливаа эрсдэл, асуудлын хариуцлагыг өнөөгийн цагдаагийн байгууллага удирдлага хүлээнэ гэдгийг анхааруулж хэлье" гэлээ. 
АН-ын сонгуулийн штабаас энэ удаагийн сонгуульд 10 мянган ухуулагч, 4000 шадар туслах, 8000 ажиглагч, нийт 22 мянга орчим хүн ажиллуулж байгааг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан хэллээ. Тэрбээр мөн автомашинаас хураалгасан гэх мөнгө нь баруун таван аймгийн ухуулагч, сурталчилгааны ажилчдын үйл ажиллагааны зардал байсан, амралтын өдөр банк хаадаг учир бэлнээр авч явсан гэв.   
 
Н.Гантуяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг