sonin.mn
Үнэний эрэлд хатсан Монголын заяа ихт ард түмэндээ !
 
УРИАЛГА
 
       Дүр эсгэсэн ардчилал шүтэж, баг өмссөн эх орончдод итгэж, бар болгох үлгэрт хууртаж, бид 27 жил “МАНАН”-д төөрлөө. Эрхэмлэх үнэт зүйлгүй, тэмүүлэх хүсэл зорилгогүй, итгэх халуун зүрхгүй шахам болж, ирээдүйгээсээ айсан хүн сүрэг болох цөвүүн цаг нүүрлэв!
       Эрхт ардчиллын чөлөөнд халуурч, хөрөнгөт зах зээлийн шуурганд уруудаж, харь  үзэл санааны дайралгад өртөж, эцэст нь ард түмнийг өмчилсөн Ардын намын хэсэг хүн, ардчиллыг хувьчилсан Ардчилсан намын хэсэг хүний  хуйвалдааны золиос болж, ноёрхогч|авторитар| гучаад гэр бүлийн зарцын зарц, дарангуйлагч|тоталитар| МАНАН бүлэглэлийн боолын боол, барууны орнуудын хараат|протекрат|,  урд хөршийн хамжлага|вассаль|,  үндэстэн дамнасан корпорац Рио Тинтогийн боол|колони|  ард түмэн гэгдэх гашуун үнэнтэй тулжээ бид!
        Худал амлалт, хуурамч суртал, хоосон мөрөөдлөөр ховсдогч, хорон санаат, ховдог шунахай, хойчийг сүйтгэгч гэмт МАНАН бүлэглэлийг Монгол түүхийн ариун хоймор, төрийн алтан сэнтийгээс 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр эгнэгт шүүн зайлуулж, Монгол Улс, Монголын ард түмэн, Монгол хүний нэр төр, нандин чанар, үнэт  зүйлийг  сэргээн мандуулах тэнгэрийн цаг нэгэнт иржээ.
       Өнгө мөнгө, харь заль,  сүр  хийнд  нь авталгүй байж, монгол хүний уужуу  ухаанаар өнгөрсөн, одоо, ирээдүйгээ цэгнэн, нэр дэвшигчдийг дараах шалгуураар долоо хэмжиж, нэг огтлон  Ерөнхийлөгчөө тодруулахыг ард түмэндээ уриалж байна.Үүнд:
1.Монгол Улсын Ерөнхийлөгч- удам судар нь өөгүй, ураг төрөл нь сэвгүй  монгол  хүн байх ёстой.
2.Монгол Улсын Ерөнхийлөгч-  Монгол ардын намын UB фракц, Ардчилсан намын Шонхор фракц, тэдгээрийн нэгдмэл эрх ашигт зангидагдсан МАНАН бүлэглэлийн хүн биш  монголын ард түмний жинхэнэ төлөөлөл байх ёстой.
3. Монгол Улсын Ерөнхийлөгч-  М. Энхболд шиг Улаанбаатар хотын захирагч,Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дарга, Х. Баттулга шиг Зам тээвэр,барилга,хот байгуулалтын сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд нэгэнтээ хийж, эрх мэдлийн оргилд байсан ч улс орноо, эдийн засгаа хөгжүүлж,өөрийгөө ард түмэндээ харуулж чадаагүй хүн биш шинэ үеийн манлайлагч байх ёстой.
4. Монгол Улсын Ерөнхийлөгч- М.Энхболд, Х. Баттулга нар шиг Оюутолгойн гэрээг батлалцаагүй, Эрдэнэтийн луйварт нэр холбогдоогүй эх оронч  хүн байх ёстой.
5. Монгол Улсын Ерөнхийлөгч- М. Энхболд шиг нийслэлийн газар, Х.Баттулга  шиг  ашигт малтмалын лицензийн наймаанд нэр холбогдож, “Газар бол улсын үндэс” гэх ихэсийн гэрээслэлийг зөрчөөгүй, нэр цэвэр, үйлс ариун хүн байх ёстой.
6. Монгол Улсын Ерөнхийлөгч-М.Энхболд шиг төрийн албыг 60 тэрбумаар “махлах” хэрэгт сэрдэгдэж, Х.Баттулга шиг  төмөр замын мөнгө зувчуулсан хэрэгт холбогдож, хуулийн хараанд өртөөгүй шударга хүн байх ёстой.
7. Монгол Улсын Ерөнхийлөгч-М. Энхболд шиг С. Баяр, С.Батболд, Д.Цогтбаатар зэрэг оффшорчдыг хаацаалайгүй, Х. Баттулга шиг оффшорт 1,1 тэрбум доллар нуусан гэж цоллогдоогүй, оффшортой жинхэнээсээ тэмцдэг  хүн байх ёстой.
    Шүүгдсэн үнэн энэ. Үндэсний ой санамж нь сэргэж, үндэсний ухамсар нь сэрж, үндэсний үзэл нь хөвчирсөн Монголын заяа ихт ард  түмний сонголт   мэдтүгэй!
     
 
Уриалга сонордуулсан:
ЭХ ОРОНЧДЫН НЭГДСЭН ЭВСЭЛ