sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ нар өнөөдөр мэдээлэл хийв.
 
АН-ын дарга С.Эрдэнэ хүч тэнцвэргүй сонгууль болж байгааг мэдээллийн эхэнд онцлоод эрх баригчдын зүгээс АН-ын сурталчилгааг бүхий л талаар хааж, боогдуулах ажиллагааг явуулж байгааг хэлэв. Тэрбээр “АН-ын сурталчилгааг цацсан гэх үндэслэлээр 30 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийг цагдаад дуудаж, байцаалт авах зэрэг дарамтыг янз бүрийн хэлбэрээр үзүүлж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн луйврийг илчилсэн иргэнийг цагдаагийн хамгаалалт нэрээр бүсэлж, сэтгэлзүйн дарамт үзүүлж, үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэх зэрэг бүхий л талын дарамтыг үзүүлж байна. Цагдаа, хүчний байгууллагууд АН-ын сонгуулийн штаб, хороо дүүргийн ухуулах байраар явж сурталчилгааны хэвлэл материалыг хураах, ажиглах зэргээр дарамт учруулж байна. Төрийн сайд нар ч гэсэн ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байна” гэлээ.
 
Нэр дэвшигч Х.Баттулга 60 тэрбумын бичлэгийг шалгаж өгөхийг хүсэж хуулийн байгууллагад хандсан ч хариу өгөөгүй гэв. Түүнчлэн “МАН-ын зүгээс Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авч, сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдлийг явуулж байна. Иргэдийн регистрийн дугаарыг авах, төрийн албан хаагчдыг дарамтлах, санал өгчихөөд зургийг нь дарах, мөнгө амлах зэрэг асуудал гарч байна” гэлээ.
 
Мэтгэлцээний тухай нэр дэвшигч Х.Баттулга “Сурталчилгаа эхэлсэн өдрөөс эхлээд бүх аймагтаа уулзалтаа товлочихсон байсан. Уулзалтаа хийгээд явж байхад гэнэт араас мэтгэлцээний цаг товлоод, ирэхгүй гэнэ, айж байна гэнэ гээд олон нийтэд зарладаг. Хоёр, гурван ч удаа ийм зүйл болсон. Онгоцны бүх захиалгыг цуцалсан байсан. Би Увс аймагт явж байсан учраас ирж амжихгүй байсан. Анхнаасаа мэтгэлцээнийг 24-нд гэж тохирсон. Энэ өдөр болдогоороо болно. МҮОНРТ телевиз дээрээ тохирсон” гэсэн тайлбар өгч байв. 
 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг