sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Лондон хотын Grenfell Tower гэдэг өндөр барилгад гарсан түймэрт өртөн орон гэргүй болсон иргэдийг Кенсингтон дүүргийн тансаг зэрэглэлийн орон сууцанд оруулна гэж хотын захиргаа мэдэгдлээ.
 
Хотын эрх баригчид Өмнөд Кенсингтон дүүрэгт нэг, хоёр болон гурван унтлагын өрөөтэй 68 байрыг хохирогчдод зориулан худалдан авсан байна. Эдгээр орон сууцанд Grenfell Tower-т амьдарч байсан айлуудын эхний хэсэг орох юм. Цаашдаа ийм маягаар бусад айлуудыг орон сууцтай болгох ажээ.
 
"Кенсингтон-Роу" орон сууцны цогцолбор хороолол бол тансаг зэрэглэлийнх бөгөөд байрны үнэ 1,5 сая фунт стерлингээс эхэлдэг гэнэ. Уг хорооллыг 7 дугаар сард барьж дуусгах аж.
 
Хотын захиргаа дээрх шийдвэрийг гаргахаас өмнө олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж, гал түймрийн улмаас хохирсон хүмүүст тусламж үзүүлэхийг шаардаж байсан юм.
 
Дашрамд дурдахад, Их Британийн засгийн газрын шийдвэрээр орон гэргүй болсон айл өрх бүрт 5,5 мянган фунт стерлингийн тусламж олгохоор болсон байна. 
 
Хамгийн сүүлд даваа гарагт ирсэн мэдээллээр, галд өртөн амиа алдсан 5 хүний цогцос хэнийх болохыг тогтоожээ. Одоогийн байдлаар, галын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 79 болоод байгаа ба энэ тоо өөрчлөгдөж магадгүй гэж цагдаагийн газар мэдэгдлээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж:Монцамэ агентлаг