sonin.mn
БЕРЛИН./TASS/. Францын Ерөнхийлөгч Э.Макрон хэлэхдээ "Ерөнхийлөгч Башар Асадыг засгийн эрхнээс буулгах нь Сирийн хямрал мөргөлдөөнийг зохицуулахад тэргүүн зэргийн асуудал байхаа больсон" гэж мэдэгджээ.
 
Э.Макроны хувьд терроризмтой тэмцэх асуудалд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж. 
 
“Б.Асадыг огцруулах нь бүх зүйлийн урьдчилсан нөхцөл гэж би үзэхгүй байна, учир нь Б.Асадыг хууль ёсоор залгамжлах хүн байхгүй” хэмээн тэрбээр лхагва гарагт Германы “Sueddeutsche Zeitung” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.
 
Террорист бүлэглэлүүдтэй тэмцэх нь тэргүүн зэргийн асуудал болоод буй Сири улсын тухайд шинээр төлөвлөгөө боловсруулахыг Э.Макрон уриаллаа. Террористуудтай үр дүнтэй тэмцэхийн тулд “бүх талуудын, нэн ялангуяа Оростой хамтран ажиллах” шаардлагатай гэдгийг тэрбээр дурдаад “терроризм бол бидний гол дайсан” гэж онцлон хэлжээ. 
 
Үүний зэрэгцээ, химийн зэвсэг хэрэглэх нь “улаан шугам” гэдгийг Э.Макрон онцлоод, химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд Франц улс нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцож, америкчуудын оролцоогүйгээр агаарын цохилт өгөхөд бэлэн байна гэжээ. “Хэрвээ химийн зэвсэг хэрэглэсэн гэдэг нь нотлогдох аваас бид уг зэвсгийг хэн хэрэглэснийг нь олж тогтооно, үүний дараа агаарын цохилтоор хариу барих болно” гэж Францын Ерөнхийлөгч анхааруулжээ.
 
 
О.Барс 
Эх сурвалж:Монцамэ агентлаг