sonin.mn
ЛЮКСЕМБУРГ. /TASS/. Kрым болон Севастополийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ Европын Холбоо нэг жилийн хугацаагаар сунгалаа. “Хориг арга хэмжээ 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл үйлчилнэ” гэж ЕХ-ны зөвлөлийн хэвлэлийн алба мэдээлэлд дурджээ.
 
Хоригийг сунгах талаар ЕХ-ны 28 улсын Гадаад хэргийн сайд нар Бельгийн нийслэл Брюссель хотноо өмнө нь энэ сарын 6-ны өдөр тохиролцсон байсан юм. Хориг арга хэмжээний хүрээнд Крымд үйлдвэрлэсэн бүх төрлийн барааг ЕХ-ны зах зээлд гаргах, Крымд Европын орнууд хөрөнгө оруулахыг хоригложээ. Түүнээс гадна онцгой нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд Европын орнуудын хөлөг онгоцууд Крымын боомтуудад нэвтрэхийг хориглосон байна.
 
Түүнчлэнтээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, нефть олборлох, боловсруулах салбарын бараа бүтээгдэхүүн, технологийг Крымд экспортлохыг хоригложээ.
 
Орос улсын эсрэг авсан ЕХ-ны хориг хэмжээ нь гурван хэсгээс бүрддэг байна. Үүнд, Оросын иргэдийн эсрэг авсан визийн хориг, нефть, батлан хамгаалах, санхүүгийн салбарт ажилладаг Оросын хэд хэдэн компаниудын эсрэг хориг болон Крымын эсрэг авсан эдийн засгийн хориг багтана.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг