Киргизийн Ерөнхий сайд асан Т.Сариев Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Нийтэлсэн: 2017-06-19 15:39:31

БИШКЕК./TASS/. Киргизстан улсын “Ак-Шумкар” улс төрийн намын тэргүүн, Ерөнхий сайд асан Темир Сариевыг Киргиз улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлжээ. Энэ тухай даваа гарагт тус намын улс төрийн зөвлөл мэдээллээ.
 
“Бүс нутаг бүрээс хүрэлцэн ирсэн төлөөлөгчид Т.Саривыг бүгд бараг зуун хувийн саналаар тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ” гэж "Ак-Шумкар" намын улс төрийн зөвлөл мэдэгджээ. Нэрээ дэвшүүлэх өөр хүн байсангүй. “Ойрын хугацаанд зохих бичиг баримтуудыг бүрдүүлэн Т.Сариевыг төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшигчээр албан ёсоор бүртгүүлэхээр Киргизийн Сонгуулийн төв комисст шилжүүлэн өгнө” гэж мэдэгдэлд дурдсан байна.
 
2015-2016 онд тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж  байх хугацаандаа Т.Сариев Киргиз улсыг Евразийн эдийн засгийн холбоонд элсүүлэхэд идэвхтэй оролцдог байсан бөгөөд Киргиз улс тус холбоонд 2015 оны 8 дугаард элссэн байна.
 
Киргизийн Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны 10 дугаар сарын 15-нд болно. Одоогийн байдлаар, Сонгуулийн төв комисст “Лига-антикризис” олон нийтийн байгууллагын ерөнхийлөгч Назарбек Нышанов, сөрөг хүчний улс төрч, “Ата-Мекен” социалист намын тэргүүн Омурбек Текебаев нар өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Социалист намын тэргүүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж байгаа аж.
 
Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид бүртгүүлэхийнхээ өмнө Сонгуулийн төв комисст киргиз хэлний шалгалт өгч, өөрийг нь дэмжсэн 30 мянган хүний гарын үсэг цуглуулахаас гадна 1 сая сом/15000 доллар/-ын барьцаа төлсөн байх ёстой. Тус улсын одоогийн Ерөнхийлөгч ирэх сонгуульд оролцохгүй, учир нь Киргиз улсын хуулиар төрийн тэргүүнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгодог байна.
 
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: