sonin.mn
РАККА. /BBC/. Сири дэх АНУ тэргүүтэй эвслийн цэргийн хүчин Сирийн армийн байлдааны нисэх онгоцыг Ракка хотод буудан унагасан байна.
 
Сирийн армийн командлалын мэдээлснээр, ням гарагт АНУ тэргүүтэй эвслийн цэргийн хүчний суманд өртсөн уг онгоц нь "Лалын улс" бүлэглэлийн эсрэг ажиллагаанд оролцон нисч явсан болохыг Сирийн төрийн мэдлийн телевиз мэдээлжээ. Ийм хэрэг явдал нь терроризмтой тэмцэх хүчин чармайлтад аюултай үр дагавар учруулж болзошгүй гэж Сирийн армийн мэдэгдэлд дурдсан байна. 
 
АНУ-ын дэмжлэгийг хүлээж буй дайчдыг Сирийн эрх баригч дэглэм бөмбөгдсөны дараа өөрийгөө хамгаалах арга хэмжээ авсан гэж АНУ мэдэгджээ.
 
“Эвслийн цэргийн хүчний хамтран биеэ хамгаалах, оролцооны журмын дагуу уг онгоцыг буудан унагаасан” гэж АНУ-ын зэвсэгт хүчин мэдэгдэлдээ дурджээ. Хэрэг явдал Раккагийн захад орших ЖаДин гэдэг хотод болсон бөгөөд уг хотод Сирийн Ардчилсан хүчин /САХ/ хяналтаа тогтоогоод байгаа аж.
 
АНУ тэргүүтэй эвслийн агаарын цохилтын дэмжлэгийг авч буй САХ-ний босогчид Раккад байгаа "Лалын улс" бүлэглэлийн бэхлэлтийг бүслээд байгаа юм. Сирийн онгоцыг буудаж унагахаас хоёр цагийн өмнө  Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын цэргүүд САХ-ний дайчид руу дайрч нэлээд хэдэн хүнийг шархдуулсан байна гэж АНУ мэдээлжээ. Уг үйлдлийн эсрэг хариу арга хэмжээ авсан бөгөөд энэ нь Сирийн эрх баригч дэглэмийн эсрэг байлдана гэсэн үг биш гэдгийг Америкийн зэвсэгт хүчний мэдэгдэлд онцолжээ.
 
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг