sonin.mn
МОСУЛ. /BBC/. Иракийн цэргүүд болон "Лалын улс" бүлэглэлийн зэвсэгт этгээдүүдийн хооронд өрнөсөн ширүүн тулалдаан Мосулын хотын хуучин дүүрэгт үргэлжилсээр байна.
 
Иракийн хоёр дахь том хот болох Мосулаас хэт давруу үзэлтнүүдийг хөөн гаргах сүүлчийн дайралтыг Иракийн зэвсэгт хүчин ням гарагт эхлүүлжээ. Мосул хот гурван жилийн өмнө "Лалын улс" бүлэглэлийн гарт орсон бөгөөд энэ бүлэглэлийнхний хувьд  Мосул бол Ирак дахь хамгийн том бөгөөд хамгийн сүүлчийн гол бэхлэлт нь юм. Тус хот нь хүн ам шигүү суурьшсан бүс бөгөөд бүслэлтэнд орсон 100 орчим мянган хүн хоол хүнсгүй хүнд байдалд байна гэж НҮБ мэдээллээ. Хэрэв агаараас буудах юмуу бөмбөгдвөл байшингууд нурж олон иргэдийн аминд хүрнэ гэдгийг албаны хүмүүс анхааруулсаар байгаа юм.
 
Хүчтэй бөмбөгдөлт явуулахгүйг аль болох хичээж байгаа гэж Иракийн зэвсэгт хүчин мэдэгдсэн байна. Үүний оронд "Лалын улс" бүлэглэлийн гишүүдийн гэр орныг устгахын тулд цэргүүдийг илгээж байгаа бөгөөд бүслэлтэнд орсон босогчид хариу гал нээсээр байгаа ажээ. Цэргүүдэд давуу байдал олгохгүйн тулд босогчид бөмбөг ашиглан давшилтыг зогсоохоор оролдсоор байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг