sonin.mn
ТЕГЕРАН./TASS/. Ираны зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд багтдаг “Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус” Сирийн террористуудын байрлал руу зургаан пуужин харвасан нь байндаа оновчтой тусчээ. Энэ тухай “Fars” агентлаг мэдээллээ.
 
Тус агентлагийн мэдээлснээр “дунд зайн тусгалтай зургаан баллистик пуужинг Сирийн Дейр-эз-Зор хотын орчимд байрлаж буй террористуудын байрлал руу харвасан ба эдгээр пуужингууд Иракийн агаарын орон зайгаас гарч, байндаа өндөр нарийвчлалтай туссан” байна.
 
Дунд зайн тусгалтай “газар-газар” ангиллын дээрх пуужингуудыг Керманшах, Курдистан мужуудаас харвасан тухай Ираны Зэвсэгт хүчний командлалын мэдэгдэлд дурджээ.
 
“Террористуудын 6 дугаар сарын 7-ны өдөр Тегеранд үйлдсэн гэмт үйлдлийн хариуд Ираны зэвсэгт хүчин Сирийн зүүн нутагт орших Дейр-эз-Зор”-ын районд байрлах террористуудын командын байрууд, хангамжийн цэгүүдэд пуужингийн цохилт өгсөн. Цохилтын дүнд олон тооны террористуудыг устгасан төдийгүй ихээхэн хэмжээний зэвсгийг нь жагсаалаас гаргалаа. Энэ цохилт бол террористуудад өгч буй томоохон сануулга” гэж мэдэгдэлд өгүүлсэн байна.
 
6 дугаар сарын 7-ны өдөр террористуудын хоёр бүлэг Ираны парламентын ордон болон Хомейнигийн бунханд халдлага үйлдсэн юм. Халдлагуудын улмаас 18 хүн амиа алдаж, 50 орчим хүн шархадсан байна.
 
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг