sonin.mn
Москва /МОНЦАМЭ/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 15 дахь удаагаа “Прямая линия с Путиным” шууд нэвтрүүлэгт оролцож иргэдийнхээ асуултанд хариуллаа.
 
“Прямая линия с Путиным” 2017 шууд нэвтрүүлэг  дөрвөн цаг үргэлжилсэн бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч нэвтрүүлгийн турш 70 асуултад хариулав.Тэрбээр сүүлийн хоёр өдрийн ажилаа цуцлан зөвхөн энэ нэвтрүүлэгт анхаарлаа хандуулан бэлдсэн хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Д.Песков мэдэгдсэн юм.
 
Шууд нэвтрүүлэгт холбогдсон иргэд багш, сувилагч, шууданчийн цалин бага, үерт нэрвэгдсэн тосгоныхон зохих мөнгөн тусламжаа яагаад одоо болтол аваагүй байгаа болон улс орны эдийн засгийн байдал, Украйн болон АНУ-ын тухай В.Путины байр суурь, түүний хувийн амьдралын талаар гэх мэт олон асуулт тавьжээ.
 
Краснодар хотын нэгэн иргэн хотын зам маш муу байна. “Ийм зам байж болох уу?” хэмээн нэврүүлэгт холбогдон асуухад В.Путин хариуд нь “Байж магадгүй, гэхдээ байх ёсгүй” хэмээн хариулсан юм. Гэтэл нэвтрүүлэг дуусаагүй байхад Краснодар хотод замын ажил эхэлжээ.
 
Мөн улс орны эдийн засаг ямар байгаа тухай асуухад тэрбээр “Сайхан мэдээ ард түмэндээ дуулгахыг маш их хүсэж байна. Гэвч тэгж хэлсний дараа ямар нэгэн зүйл муугаар эргэвэл харамсалтай” хэмээсэн юм.
 Апатит хотоос шууд холбогдсон Даша бүсгүйн асуулт хүмүүсийн анхаарлыг татсан.
Тэбрээр хотынхоо барьж дуусаагүй эмнэлгийн талаар тодруулсан бөгөөд “Владимир Владимирович би хорт хавдартай, буруу оншилсноос болоод хугацаа алдан хүндэрч 4 дүгээр шатандаа орсон. Сайн эмнэлэг сайн боловсон эмч үнэхээр хэрэгтэй байна. Би зөвхөн өөрийнхөө төлөө биш бүх ард түмнийхээ төлөө танаас гуйж байна” гэхэд  Ерөнхийлөгч В.Путин “Дашенька чи итгэл найдвараа хэзээ ч битгий алдаарай. Би хувийн амьдарлаа дэлгээд байдаггүй л дээ. Гэхдээ миний аав яг чам шиг өвдсөн ч зөв эмчилгээ хийснээс хорт хавдраар биш өөр шалтгаанаар хорвоог орхиж байсан юм. Би өөрийнхөө зүгээс хийж болох бүх зүйлийг хийнэ, чамд ч хувиасаа тусламж үзүүлнэ. Танай эмнэлгийн талаар ч шуурхай арга хэмжээ авахаа амлаж байна. Чи бүү санаа зов доо” гэжээ.
Энэ удаагийн “Прямая линия с Путиным” шууд нэврүүлийн бас нэгэн онцлог  нь гадаадын иргэдээс  нэлээд асуулт ирсэн явдал юм. Тухайлбал АНУ-ын иргэн нэгэн залуу холбогдож "Америкт  Орос орныг үзэн ядах хандлага их ажиглагддаг. Америкчуудад Оросууд манай дайсан биш гэдгийг яаж ойлгуулах вэ?" хэмээн асуухад "Юуны түрүүнд  нэвтрүүлэгт холбогдсон танд баярлалаа. ОХУ-ын төрийн тэргүүний хувьд би нэг зүйлийг танд хэлж чадна. Бид хэзээ ч Америкийг дайснаа гэж боддоггүй. Тэр ч бүү хэл хоёр ч дайнд Америк, Орос хоёр нэг тал болон зогсч байсан түүхтэй” хэмээн хариулсан юм.
 
“Прямая линия с Путиным” нэвтрүүлгийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин иргэдтэйгээ холбогдож тулгамдсан асуудлыг нь шийдэх хамгийн сонгодог арга хэмээн дүгнэсэн юм. 
 
Москва хот
 
Л.Нандинцэцэг
Эх сурвалж: Монцамэ агентлаг