sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. 
Хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжсэн юм. Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 
 
Дараа нь Онцгой албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
 
Хуулийн төсөлд, хос тэжээлт болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд хөдөлгүүрийн багтаамж,  үйлдвэрлэсэн оноос хамаарч тавдугаар сарын нэгнээс онцгой албан татвар ногдуулж буй. 
 
Тодруулбал, хуулийн хүрээнд онцгой албан татвар төлдөггүй байсан дээрх автомашинд хуулийн дагуу 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор болсон.
 
Уг шийдвэрийг иргэдийн зүгээс ихээхэн эсэргүүцэж байгаа тул автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох, мөн түүнчлэн татвараа төлсөн иргэдийн татварыг буцаан олгохоор хуулийн төслийг боловсруулжээ. 
 
Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс ОУВС-тай тус татварын асуудлаар ойлголцсон эсэхийг тодруулж байв. Эл асуултад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, "Олон улсын валютын сантай тохиролцсон" гэсэн тайлбарыг хийсэн. УИХ-ын гишүүн Б.Батзориг, "Буцаан олголтын хүрээнд нэг тэрбум төгрөг шаардлагатай гэжээ. Одоогоор хэдэн машин буусан, мөн буух гэж байгааг лавлахад Сангийн яамнаас, "Тавдугаар сарын нэгнээс өмнөх хууль хэрэгжсэн. Одоогоор татвараа төлсөн 375 машин байгаа бол задлаагүй, гаалийн бүрдүүлэлт хийгээгүй 2600 орчим машин байна. Хөнгөлөлт нь 4 тэрбум төгрөг болох юм" гэлээ.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг