sonin.mn
РАККА. /VOA/. Америкийн армийн албаны хүмүүсийн хэлснээр, Сирийн Ардчилсан хүчнийхэн Сири дэх "Лалын улс"-ын нийслэл болох Ракка хотод 3 км-ийн зайд тулж ирсэн бөгөөд тус хотыг чөлөөлөх цэргийн ажиллагааг ойрын өдрүүдэд явуулж эхэлж магадгүй байна.
 
"Лалын улс"-ын эсрэг АНУ тэргүүтэй эвслийн хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Райан Диллоны мэдэгдсэнээр, өнгөрсөн долоо хоногт Сирийн ардчилсан хүчин "Лалын улс"-аас 350 км.кв газрыг эзлэн авсныхаа дараа  Ракка хотын эргэн тойронд давшилтын ажиллагаа явуулахаар бэлэн байдалд оржээ.
 
Сирийн ардчилсан хүчин тус хотод хойд болон зүүн зүгээс 3 км, баруун талаас 10 км ойртож ирснийг Диллон баталсан байна. “Хотын төлөөх тулаан ойрын өдрүүдэд эхлэх төлөвтэй байна. Раккаг бүслэх ажиллагаа бараг дууссан” гэж Америкийн цэргийн нэрээ нууцалсан нэгэн албан тушаалтан мэдэгджээ.
 
Ракка хотын төлөөх тулалдаанд бэлтгэх зорилгоор Сирийн курдын дайчдад зэр зэвсэг болон тээврийн хэрэгслүүд нийлүүлсэн гэдгээ энэ долоо хоногийн эхээр АНУ-ын арми мэдэгдсэн билээ. Энэ алхам нь АНУ-ыг Турк улстай зөрчилдөхөд хүргэсэн юм. Учир нь, Туркийн тал Сирийн ардчилсан хүчний курдуудыг Курдистаны ардчилсан намтай холбоотой террорист бүлгийнхэн гэж үзсээр байгаа ажээ.
 
Сирийн ардчилсан хүчнийхэн Ракка хотын иргэдэд хандан байлдааны ажиллагаа эхлэхээс өмнө хотыг орхин гарахыг уриалсан бөгөөд одоогоор 200 мянган хүн нүүгээд байна. Ракка хотын эргэн тойронд дүрвэсэн хүмүүст зориулан хуарангууд байгуулжээ. "Лалын улс"-ын бүлэглэлийнхэн дүрвэгчдийн дунд орж нуугдахаас сэргийлэх үүднээс Сирийн ардчилсан намынхан шалгалтын хэсгүүдийг байгуулсан байна. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг