sonin.mn
ВАШИНГТОН./TASS/.АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Кубын талаарх бодлогыг зөөлрүүлэхэд чиглэсэн Б.Обамагийн хэд хэдэн зарлигийг өөрчлөхөөр төлөвлөж байна. Энэ тухай даваа гарагт The Daily Caller сонин өөрийн эх сурвалжаас иш татан мэдээллээ.
 
Тус сонинд бичсэнээр, Америкийн төрийн тэргүүн өөрчлөлт хийх тухайгаа 6 дугаар сард Майамид үг хэлэхдээ зарлан мэдэгдэх аж. Кубатай холбоотой Б.Обамагийн зарлигийг хүчингүй болгох санаачилгыг куба гаралтай Сенатын гишүүд болох  Бүгд Найрамдах намын Марко Рубио, Марио Диас-Баларт, Ардчилсан намын Роберт Менендес нар дэвшүүлж байгаа юм. Харин Цагаан ордон энэ мэдээлэлд тайлбар хийхээс татгалзжээ.
 
2015 оны 1 дүгээр сард Б.Обама “Улс орны байдлын талаарх” жил тутмын ээлжит илгээлтдээ Кубын эсрэг авсан хориг арга хэмжээг бүрмөсөн цуцлахыг Конгресст уриалж байсан юм. Үүний дараа Б.Обама нэг бус удаа энэ уриалгаа давтсан боловч хууль тогтоогчид түүний энэ санаачилгыг дэмжээгүй юм. Үүнтэй холбоотойгоор Б.Обама Кубын талаарх бодлогыг худалдаа, аялал жуулчлал, тээвэр, даатгал, холбоо, санхүүгийн салбарт зөөлрүүлэх тухай хэд хэдэн зарлигт гарын үсэг зурсан билээ.
 
Кубатай холбоотойгоор Вашингтоны өмнө нь гаргасан бүх шийдвэрийг эргэн хянаж эхэлсэн тухай үүнээс өмнө Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгдэж байсан юм. Тухайлбал, АНУ-ын иргэд Куба руу аялах, Кубад бизнесийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг өөрчлөх тухай яригдаж байгаа юм. 11 дүгээр сард Д.Трамп Кубатай харилцах харилцааг хэвийн болгох тухай хэлэлцээрийг хүчингүй болгоно гэж мэдэгдэж байсан билээ. “Хэрвээ Кубын эрх баригчид кубачууд, куба гаралтай америкчуудад илүү таатай нөхцлийг санал болгохгүй бол би энэ хэлэлцээрийг хүчингүй болгоно” хэмээн Д.Трамп “Twitter” хуудсандаа бичжээ.
 
1961 онд тус арал дээрх Америкийн өмч хөрөнгийг Кубын эрх баригчид нийгэмчлэн хурааж авсны дараа АНУ Кубатай дипломат харилцаагаа тасалсан билээ. Ингээд Вашингтоны зүгээс Кубын эсрэг худалдаа эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. Харин 2014 оны 12 дугаар сард Б.Обама мэдэгдэхдээ, Кубын талаарх өнөөгийн бодлого нь үр дүнгүй байна гэж дүгнээд, хоёр талын харилцааг хэвийн болгох, Кубын эсрэг хоригийг зөөлрүүлэх гэж байгаагаа зарлан мэдэгдсэн юм.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг