sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс  2017 оныг "Шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх жил" болгож, анхан шатны шүүхүүдийг "Шүүхийн үйлчилгээний төв"-тэй болгох зорилт тавьсан. Үүний эхлэл болгож хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд  "Шүүхийн үйлчилгээний төв" нээснийг өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. 
 
14 хоногийн өмнө нээсэн Шүүхийн үйлчилгээний  дээрх төв иргэдийг үүднээсээ угтан авч үйлчилгээ үзүүлж байна. Иргэд  маргаантай асуудлаар шүүхийн ажилтантай уулзаж, холбогдох лавлагаа болон  хуулийн  зөвлөгөө авч буйдаа урамтай байв.
 
Баянгол дүүргийн шүүхэд нээсэн "Шүүхийн үйлчилгээний төв"  хөл хөдөлгөөнтэй хэдий ч иргэд чирэгдэлгүй холбогдох шүүхийн  ажилтнуудтай  уулзан өргөдөл, гомдол, хүсэлтээ уламжилж байсан.
 
ХУД-ийн 10 дугаар хорооны иргэн М.Од-Сэр ярихдаа,  "Би хоёр дахь удаагаа  тус төвөөр үйлчлүүлж байгаа юм. Мэдээллийг шуурхай авч, нүүр тулан  хуульчидтай уулзаж зөвлөгөө авах боломж бүрдсэнд сэтгэл хангалуун байна.  Мэдэхгүй зүйлээ газар дээр нь шууд асуугаад  хариу авах  үйлчилгээний төвтэй болсонд талархаж сууна" гэв.
 
Харин шүүгчийн туслах У. Нямсүрэн: " Төв нээгдээд 14 хоног ажиллах хугацаанд  ямар нэгэн хүндрэл гарсангүй. Өдөрт 30-40 хүнд зөвлөгөө болон лавлагаа, эрх зүйн туслалцаа үзүүлж байна. Иргэдэд нээлттэй, ажил төрлөө ярилцахад хялбар, цаг хугацаа хэмнэсэн, шүүх, шүүхийн ажилтан, иргэдийн амьд холбоо үүссэн сайхан төвтэй боллоо" хэмээн онцолсон юм.
 
 Шүүхийн үйлчилгээний  төвд  нэгэн зэрэг иргэдэд үйлчлэхээр шүүхийн ажилтнууд эгнэн суужээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүүгийн хэлснээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 38 шүүгч,103 Тамгын ажилтан иргэдэд үйлчилж буй аж.
 
Энэ оны эхний 5 сарын байдлаар 8 396 нэхэмжлэл, өргөдөл, гомдол хүлээн авснаас 217-г нь хуульд заасны дагуу буцааж, татгалзан, шилжүүлж 5178 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
 
Улсын хэмжээний шүүх хэргийн 26 хувийг зөвхөн энэ шүүхээр шийддэг гэхээр  их ачаалалтайг төвөггүйхэн харуулна.
 
Харин "Шүүхийн үйлчилгээний төв"-тэй болсноор ажлын хүндрэл багасчээ.  Тиймээс ийм жишгээр улсын хэмжээнд шүүхийн үйлчилгээний төвтэй болбол шүүхийн шинэчлэл түргэснэ гэдгийг онцлов.
 
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хувьд долоо хоногт 240-250 шүүх хурал болж, 600-800 хүн шүүх хуралдаанд оролцож, 700-750 иргэн шүүгчийн туслахтай уулзах, өргөдөл гомдол гаргадаг байна. Тэгвэл Шүүхийн үйлчилгээний төв нээгдсэнээс хойш ачаалал багасч, иргэд шүүхийн уялдаа холбоо сайжирч,  шуурхай болжээ.
 
Иргэдийн зүгээс шүүх болгон ийм үйлчилгээний төвтэй болоосой гэж хүсч байв. 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг