sonin.mn
ВАШИНГТОН./TASS/. Саяхан гарсан “WannaCry” вирусийг ашиглаж, Windows үйлдлийн системтэй компьютеруудыг онилон хийсэн өргөн хүрээтэй кибер халдлагын улмаас учирсан хохирлын хэмжээ 1 тэрбум доллароос давжээ. Энэ тухай McClatchy мэдээллийн алба Америкийн шинжээчдийн дүгнэлтийг иш татан мэдээллээ.
 
Мэдээлэлд дурдсанаар, 5 дугаар сарын 12-нд эхэлсэн кибер халдлагын уршгаар ердөө долоо хоног хүрэхгүй хугацаанд 150 гаруй орны 300 мянга орчим компьютер вирустжээ. Цаашид ч хакеруудын зүгээс ийм халдлага хийнэ гэдгийг Америкийн мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байгаа юм.
 
“WannaCry” вирус тархсанаас хойш ердөө эхний дөрвөн өдрийн дотор учирсан хохирлын нийт хэмжээ урьдчилан тооцоолсноор 1 тэрбум доллароор давсан байна. Учир нь дэлхий даяар томоохон компаниудын үйлдвэрлэл бараг зогссон” гэж “KnowBe4” компанийн захирал Стью Сьюверман тэмдэглэн хэлжээ. Үйлдвэрлэлтийн хэмжээ буурсан, байгууллагын ажил доголдож, шүүхийн магадлан шинжилгээ хийхэд тодорхой зардал гарсан, компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учирсан зэрэг гарз хохирлыг тэрбээр дурдсан байна.
 
“Shadow Brokers” нууц нэрийн дор үйл ажиллагаагаа явуулдаг бүлэг хакерууд өнгөрсөн онд хакерын халдлага үйлдэхэд ашиглах программ хангамжийг боловсруулжээ. Уг программ хангамжийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг зохиосон гэж хакерууд ярьсан гэнэ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, уг программд хэд хэдэн удаа сайжруулалт хийсний дараа “WannaCry” вирус гарч иржээ.
 
5 дугаар сарын 12-нд хакерууд вирусийн тусламжтайгаар дэлхий даяар халдлага үйлдсэн билээ. Вирусээр халдварлагдсан компьютеруудын түгжээг гаргахын тулд хакерууд 600 долларыг “Bitcoin” гэдэг цахим мөнгөөр шилжүүлэхийг шаардаж, төлбөрийг хийгээгүй тохиолдолд компьютерын хатуу дискэнд байгаа мэдээллүүдийг бүгдийг нь устгана гэж заналхийлжээ. 
 
Америкийн шинжээчдийн тооцоолсноор, хакерууд хохирогчдоос нийтдээ 116 500 доллар авсан аж.
 
 О.Барс
 Эх сурвалж: Монцамэ агентлаг