sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Цөмийн шинжлэх ухаан болон технологийн сургалт, судалгаа, хөгжлийн бүс нутгийн хамтын ажиллагааны тухай 2017 оны хэлэлцээр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
 
Хэлэлцээр нь бүс нутгийн хэмжээнд технологи дамжуулах, солилцох, хүний нөөцийг хөгжүүлэх, цөмийн технологийн хэрэгцээг тодорхойлох, нэвтрүүлэх, тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, хамтарсан судалгаа хийх эрхэм зорилготой юм.
 
Ази, Номхон далайн бүсийн орнууд цөмийн шинжлэх ухаан, судалгаа болон эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болсон хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт цөмийн технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтарч ажиллах, туршлага солилцохоор 1972 онд Хэлэлцээрийн байгууллага байгуулсан байна.
 
Ямар хөтөлбөр хэрэгжүүлэхээ гишүүн 22 орон хамтран шийдвэрлэдэг бөгөөд Олон улсын атомын энергийн агентлаг, донор улс, олон улсын байгууллагын сан санхүүжилтийг нь гаргадаг.
 
Хэлэлцээрийн төслийн хүрээнд манай улс цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн хамгаалалт, цөмийн аюулгүй байдлын талаар гадны туршлагыг судлахаас гадна боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээ, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шинэ технологи нэвтрүүлэх, эмчилгээ оношилгооны арга зүйг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх зэргээр цөмийн энергийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжих, салбарын эрх зүйн орчинг бэхжүүлэх чиглэлээр томоохон дэмжлэг авчээ.
 
 
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлээд байна
 
Засгийн газрын хуралдаанаар “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа.
 
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламжаас санхүүжүүлэх юм.
 
Манай иргэдийн гадаадад ажиллаж, сурах, амьдралаа дээшлүүлэх хүсэл, шаардлага, хэрэгцээг гэмт этгээдүүд ашиглан жуулчлах, виз гаргаж өгөх, ажилд оруулах, гадаадын иргэдтэй гэр бүл болоход нь туслах нэрийн дор ялангуяа эмэгтэйчүүдийг худалдаж, ашиг олох гэсэн оролдлого өсөх хандлагатай байна.
 
Сүүлийн зургаан жилийн статистик мэдээнээс үзвэл хүн худалдаалах 54 гэмт хэрэг, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах 122 гэмт хэргийг шалгажээ. Эдгээрээс хүн худалдаалах найман хэрэгт 15 хүн, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулсан 36 хэргээр 54 хүн ял шийтгүүлсэн байна.
 
 Иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгаагаас үндэстэн дамнасан, зохион байгуулалттай үйлддэг хар тамхи, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болдог. Иймээс Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалж нийгэмшүүлэх зорилгоор дээрх хөтөлбөрийг баталлаа.