sonin.mn
ПАРИС. /ВВС/. Их Британийн Манчестер хотод 22 хүний аминд хүрсэн террорист халдлага болсонтой холбогдуулан терроризмтой тэмцэхийн тулд Их Британи болон Европын бусад улс оронтой хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр төлөвлөж байгаагаа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдлээ.
 
Э.Макрон өчигдөр Парис хот дахь Их Британийн ЭСЯ-нд очиж, эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийхдээ “террористууд чөлөөт ертөнцийн залуучуудыг онилж байгааг энэ халдлага тодорхой харууллаа” гэжээ.
 
2015 оны 11 дүгээр сард Парист террорист халдлагууд болсонтой холбогдуулан зарласан онц байдлын хугацааг Францын Засгийн газар энэ оны долдугаар сар хүртэл сунгаад байгаа билээ.
 
Томоохон заал танхим болон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахын өмнө болон дараа нь аюулгүй байдлыг сайтар хангаж байхыг Францын ДХЯ цагдаа нарт үүрэг болгожээ.
 
Өнгөрсөн даваа гарагийн орой Манчестер хотын цэнгэлдэх хүрээлэнд Америкийн дуучин Арена Гранде тоглолт хийсний дараа дэлбэрэлт болсон билээ.
 
Энэ ням гарагт “French Open” талбайн теннисний тэмцээн эхлэх гэж байгаатай холбогдуулан Францын Засгийн газар нийслэл Парис хотод аюулгүй байдлын арга хэмжээг чангатгахаар төлөвлөж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг