sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУВС-ийн Захирлуудын зөвлөл монголын цагаар өнөө шөнө  хуралдана. Тус хурлаар манай улсын Засгийн газраас тавьсан зээлийн хүсэлтийг хэлэлцэх юм. 
 
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 12-15-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлах үеэрээ ОУВС-гийн Гүйцэтгэх захирал Кристин Лагардтай ажил хэргийн уулзалт хийсэн.
 
Энэхүү уулзалтаар ярьсан асуудлын талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өчигдөр сэтгүүлчдэд товч тайлбар хийсэн. Тэрбээр, "Хатагтай Кристин Лагард захирлуудын зөвлөлийн хурлыг өөрөө удирдана гэдгээ бидэнд хэлсэн. ОУВС нь Монгол Улстай хамтарч ажиллах сонирхол өндөр байгаа. Монголын эдийн засгийг тогтворжуулах, өрийн дарамтыг багасгах, макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэхэд ОУВС дэмжлэг үзүүлнэ. Нааштай үр дүн гарна гэдэгт эргэлзэх зүйлгүй гэсэн. Иймд зээлийн хөтөлбөр батлагдана гэж  найдаж байна" гэв.
 
ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлын үр дүнгээр Сангийн яамнаас маргааш хэвлэлийн хурал хийхээр болжээ.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг